- БНХАУ-ын томоохон компаниудын хувьцаанаас бүрддэг Хонг Конгын хөрөнгийн захын Hang Seng индекс өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар сулраад байна.
- Дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох Япон улс 17 жилийн хугацаанд барьж байсан сөрөг хүүгийн бодлогоо дуусгавар болгож бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэлээ.
- Иений ханш чангарсны улмаас томоохон экспортлогч компаниудын ашиг буурсан явдал нь Никкей индекс унах нэг шалтгаан болов.
БНХАУ-ын томоохон компаниудын хувьцаанаас бүрддэг Хонг Конгын хөрөнгийн захын Hang Seng индекс долоодугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар сулраад байна. Энэ нь БНХАУ-ын дотоод эрэлт, аж үйлдвэрийн салбар бүрэн сэргээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт харьцангуй удаан үргэлжилж байгаатай холбоотой аж.
Хурдтай хөгжиж буй орнуудын хувьцааны багц болох MSCI Emerging market индекс 2024 оны долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн нь хөгжингүй орнуудын хөрөнгийн захын сэргэлттэй харьцуулахад бага байна.
Үүнтэй зэрэгцээд дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох Япон улс 17 жилийн хугацаанд барьж байсан сөрөг хүүгийн бодлогоо дуусгавар болгож бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэлээ. Удаан хугацаанд дефляцитай тэмцэж, сөрөг хүүгийн бодлого баримталж байсан Япон улсад цар тахал, геополитикийн зөрчил, томоохон улсуудын бодлогын хүүгийн өсөлт зэрэг дараалсан гадаад шокийн улмаас иений ханш ихээр унаж, инфляц үүсээд байв.
Иймд тус улсын бодлого боловсруулагчид 2024 оны гурав болон долоодугаар саруудад бодлогын хүүгээ хоёр удаа нэмэгдүүлж 0.25 хувьд хүргэлээ. Зах зээлийн энэхүү өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Япон улсын 225 том компанийн хувьцааны багцаас бүрддэг Никкей индексийн савлагаа эрс нэмэгдэж, 2024 оны долоодугаар сард түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн ч найман сарын сүүлээр дахин 34.2 хувиар огцом уналаа.
Энэ нь АНУ-ын Засгийн газраас гаргасан ажил эрхлэлтийн таагүй статистик мэдээлэл, тус улсад хямрал нүүрлэж болзошгүй, ам.доллартой харьцах иений ханш цаашид ч чангарч магадгүй хэмээн оруулагчид болгоомжилж эхэлснээс үүдэлтэй ажээ. Нөгөөтээгүүр, иений ханш чангарсны улмаас томоохон экспортлогч компаниудын ашиг буурсан явдал нь Никкей индекс унах нэг шалтгаан болсон аж.