bnr-0
Туулын хурдны замыг барих тендерийг арванхоёрдугаар сард зарлаж, ажил нь хавраас эхэлнэ
11 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар болжээ.
  • Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байна.
  • Метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэхээр төлөвлөжээ.

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар болжээ.

Уг замыг барихад дотоодын  компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төмөр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзжээ. Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байна. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай бууруулах  боломжтой гэж үзэж байна.

Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгаа гэж танилцууллаа. 

Үүнээс гадна  түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд баригдах метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэх аж. 

Өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгаа аж.  

mobile-logo