bnr-0
Голомт банк санхүүгийн үзүүлэлтээр системийн хоёр дахь том банк боллоо
02 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын системийн нөлөө бүхий “Голомт банк” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Одонбаатар 2024 оны компанийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.
  • “Голомт банк”-ны жижиг, дунд байгууллагын зээл 2023 онтой харьцуулахад 43 хувиар, байгууллагын зээл 56 хувь, иргэдийн зээл 56 хувиар өссөн нь зээл болон эх үүсвэрийн өсөлтөөрөө зах зээлд тэргүүлсэн үзүүлэлт болжээ.
  • Харин 2025 онд Голомт банк жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулагчдын харилцааг бэхжүүлэх, ногоон шилжилт, AI виртуал банк зэрэг чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа энэ үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын системийн нөлөө бүхий “Голомт банк” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Одонбаатар 2024 оны компанийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Монгол Улсын системийн нөлөө бүхий “Голомт банк ХК-ийн гүйцэтгэх захирал А.Одонбаатар 2024 оны компанийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. “Голомт банк2024 онд олон улсын зах зээлд нийт 450 сая ам.долларын бонд гаргасан бөгөөд үүнээс 400 сая ам.доллар буюу 1.35 их наяд төгрөгийг цэвэр зээл хэлбэрээр зарцуулсан байна. Үүнд жижиг, дунд байгууллагын зээл 2023 онтой харьцуулахад 43 хувиар, байгууллагын зээл 56 хувь, иргэдийн зээл 56 хувиар өссөн нь зээл болон эх үүсвэрийн өсөлтөөрөө зах зээлд тэргүүлсэн үзүүлэлт болжээ. Тус дүнгээр Голомт банк системийн хоёр дахь том банк болж өссөн байна.

Мөн өнгөрсөн онд анхны ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг Люксембургийн хөрөнгийн биржид бүртгүүлж, 50 сая ам.долларыг Европын хамгийн том хөрөнгө оруулалтын сангаас 5 жилийн хугацаатайгаар 8 хувийн хүүтэйгээр татсан байна. Энэ нь Голомт банк төдийгүй Монгол Улсын хувьд эх үүсвэрийн хүүгийн босго амжилттай тогтоосон үйл явдал болоод буй.

Invesco, Fidelity зэрэг дэлхийн топ 10-т жагсдаг хөрөнгө оруулалтын 6 сан өнгөрсөн онд Голомт банканд хөрөнгө оруулж, Монгол Улсын олон улсын зах зээлд эзлэх байр суурь амжилттай ахиж байгаа талаар тус банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцоллоо.

Мөн 2024 онд манай улсын дижитал төлбөрийн хөгжлийн шинэ алхам болсон Apple Pay үйлчилгээг Голомт банк нэвтрүүлсэн юм. Ингэснээр тус банкны харилцагчид iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан Apple Pay хэтэвчээрээ төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх боломжтой болоод буй.

Цаашлаад өнгөрсөн 2024 онд Голомт банк гадаадын нийт 52 банкан дахь дансаараа дамжуулан 15 төрлийн гадаад валютаар гадаад төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж, Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 36.2 хувийг бүрдүүлсэн байна.

Харин 2025 онд Голомт банк жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулагчдын харилцааг бэхжүүлэх, ногоон шилжилт, AI виртуал банк зэрэг чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа энэ үеэр мэдэгдлээ.

Түүнчлэн “Ногдол ашгийг 2022 оноос хойш өсгөх байдлаар хөрөнгө оруулагчдадаа хуваарилж ирсэн бөгөөд 2024 онд өмнөх онуудаас өсгөх төсөөлөлтэй байна” хэмээн гүйцэтгэх захирал А.Одонбаатар дурдаж байна. Энэ нь нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашиг 90 төгрөгөөс дээш байна гэсэн хүлээлт үүсгэж байна.   

mobile-logo