- Хятад улс Өвөрмонголын Кубучи цөлд Бээжингийн эрчим хүчний хэрэглээг бүхэлд нь хангах хүчин чадалтай “Цагаан хэрэм” хэмээх нарны эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж байна.
- Энэхүү төсөл нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна элсэн цөлийг нөхөн сэргээхэд ихээхэн ач холбогдолтой.
- 2030 он гэхэд “Нарны Цагаан хэрэм” бүрэн хүчин чадлаараа ажиллаж, цэвэр эрчим хүчээр хотуудыг хангахын зэрэгцээ дэлхий дахинд тогтвортой хөгжлийн үлгэр жишээ болох аж.

Хятад улс Өвөрмонголын Кубучи цөлд Бээжингийн эрчим хүчний хэрэглээг бүхэлд нь хангах хүчин чадалтай “Цагаан хэрэм” хэмээх нарны эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж байна. Өмнө нь “Үхлийн далай” хэмээн нэрлэгддэг байсан энэ цөл өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний төв болон хувирчээ. Уг төсөл нь 400 км урт, 5 км өргөнтэй бөгөөд 2030 он гэхэд 100 ГВт нарны эрчим хүч үйлдвэрлэх зорилготой аж.
Нарны хавтангуудыг Шар мөрний ойролцоох элсэн манхан дагуу байршуулж байгаа бөгөөд 2024 оны дунд үе гэхэд 5.4 ГВт хүчин чадалтай болохоор төлөвлөжээ. Төслийн гол онцлох хэсэг нь 2019 онд ашиглалтад орсон “Junma” нарны цахилгаан станц юм. Энэхүү станц нарны самбаруудыг морины дүрс гаргах байдлаар байршуулснаараа Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод буй. Тус станц жилд 400,000 айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах хүчин чадалтай.
Энэхүү төсөл нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна элсэн цөлийг нөхөн сэргээхэд ихээхэн ач холбогдолтой. Нарны самбарууд нь элсэн манхнуудыг тогтворжуулж, ууршилтыг бууруулж, хавтан доор ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
2030 он гэхэд “Нарны Цагаан хэрэм” бүрэн хүчин чадлаараа ажиллаж, цэвэр эрчим хүчээр хотуудыг хангахын зэрэгцээ дэлхий дахинд тогтвортой хөгжлийн үлгэр жишээ болох аж.
2017-2023 оны хооронд Хятад улс нарны эрчим хүчний хүчин чадлаа жилд дунджаар 40,000 МВт-аар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Хатуу ширүүн уур амьсгалтай цөл газрыг хөгжлийн төв болгон хувиргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгийн өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах энэхүү төсөл нь хүн төрөлхтний ирээдүйд томоохон хувь нэмэр оруулах хэмээв.