- Энэхүү чип нь өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан, илүү нарийвчлалтай бөгөөд орчин үеийн хамгийн хурдан супер компьютеруудын тэрбум жил шаардах тооцооллыг ердөө хэдхэн минутын дотор гүйцэтгэх чадалтай аж.
- Мэргэжилтнүүдийн тооцооллоор, квант компьютер криптовалютыг тайлах хэмжээнд хүрэхийн тулд дор хаяж 10–15 жил шаардлагатай бөгөөд ийм дэвшил хийхэд олон сая кубит бүхий чип шаардлагатай гэжээ.
- Криптовалютын салбарынхан болон аюулгүй байдлын мэргэжилтнүүд ирээдүйд квант компьютерийн халдлагаас хамгаалах зорилгоор “аюулгүй-квант” алгоритмуудыг боловсруулж эхэлжээ.
![](/_next/image?url=https%3A%2F%2Fcnbc.mn%2Fassets%2Fnews_thumbnail%2Fb55b4b99-f74a-4229-a764-a0669d91d81d.png&w=1080&q=100)
“Google” компани “Willow” нэртэй шинэ квант чип бүтээснээ танилцууллаа. Энэхүү чип нь өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан, илүү нарийвчлалтай бөгөөд орчин үеийн хамгийн хурдан супер компьютеруудын тэрбум жил шаардах тооцооллыг ердөө хэдхэн минутын дотор гүйцэтгэх чадалтай аж. Хэдийгээр ийм хүчин чадалтай чип нь ирээдүйд “Bitcoin” тэргүүтэй криптовалютын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй ч одоогоор санаа зовох шаардлагагүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Квант компьютер нь энгийн компьютерээс өөр зарчмаар ажилладаг. Энгийн компьютер асуудлыг шийдвэрлэхдээ нэг замыг турших байдлаар явдаг бол квант компьютер бүх боломжит хувилбарыг нэгэн зэрэг туршиж, илүү хурдан шийдэлд хүрдэг. Гэсэн хэдий ч “Willow” тэргүүтэй квант чипийн хөгжүүлэлт одоогоор туршилтын шатандаа байгаа тул зарим нэгэн доголдол, алдаа зэрэг асуудалтай тулгарч байна.
Мэргэжилтнүүдийн тооцооллоор, квант компьютер криптовалютыг тайлах хэмжээнд хүрэхийн тулд дор хаяж 10–15 жил шаардлагатай бөгөөд ийм дэвшил хийхэд олон сая кубит бүхий чип шаардлагатай гэжээ. Одоогийн байдлаар квант чипүүдийн хүчин чадал ердөө 100 орчим кубиттай байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.
Криптовалютын салбарынхан болон аюулгүй байдлын мэргэжилтнүүд ирээдүйд квант компьютерийн халдлагаас хамгаалах зорилгоор “аюулгүй-квант” алгоритмуудыг боловсруулж эхэлжээ. Үндэсний стандарт, технологийн хүрээлэн (NIST) тэргүүтэй байгууллага аль хэдийн илүү дэвшилтэт шифрлэлтийн аргачлалуудыг хөгжүүлээд байна.
Криптовалютын аюулгүй байдалд учрах эрсдэлийг үл харгалзан квант тооцоолол нь хиймэл оюун, эрүүл мэнд, өгөгдлийн аюулгүй байдал зэрэг салбарт хувьсал авчирч чадахуйц чухал дэвшил юм. Хэдийгээр криптовалютд учруулах аюул бодит асуудал байж болох ч олон мэргэжилтэн квант технологийг шинэ түвшний хүчирхэг систем бүтээж, олон салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.