- Шинэ саналд АНУ-д төвтэй, “NewCo” нэртэй шинэ компани байгуулах бөгөөд ирээдүйд IPO гаргасны дараа АНУ-ын Засгийн газар тус компанийн 50 хувийг эзэмших боломжтой талаар тусгасан байна.
- Гэрээний санхүүжилтийг гуравдагч талын хөрөнгө оруулагчдаас татаж, уг хөрөнгийг компанийн бүтцийг хялбаршуулах болон цаашдын хөгжлийг дэмжихэд зарцуулах юм.
- “ByteDance” компани “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг худалдах бодолгүй байгаа ч энэхүү саналыг худалдах үйл ажиллагаа гэхээс илүүтэй нэгдэх бүтэцтэй тул хүлээн авах магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна.

“Perplexity AI” компани “TikTok”-ийн эзэмшигч компани “ByteDance”-тай нэгдэх саналаа шинэчиллээ. Шинэ саналд АНУ-д төвтэй, “NewCo” нэртэй шинэ компани байгуулах бөгөөд ирээдүйд IPO гаргасны дараа АНУ-ын Засгийн газар тус компанийн 50 хувийг эзэмших боломжтой талаар тусгасан байна.
Саналын дагуу “ByteDance” компани TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг “NewCo”-д шилжүүлж, оронд нь тус компанийн хөрөнгө оруулагчид шинэ компанийн хувьцаа эзэмших эрхтэй болох аж. Түүнчлэн “Perplexity AI” компани өөрийн үйл ажиллагааг “NewCo”-д нэгтгэж, мөн адил хөрөнгө оруулагчдадаа хувьцаа хуваарилахаар төлөвлөжээ. Гэрээний санхүүжилтийг гуравдагч талын хөрөнгө оруулагчдаас татаж, уг хөрөнгийг компанийн бүтцийг хялбаршуулах болон цаашдын хөгжлийг дэмжихэд зарцуулах юм.
2024 оны сүүлээр 9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон “Perplexity AI” компани TikTok-ийн видео платформыг ашиглан өөрийн хиймэл оюунд суурилсан хайлтын системээ улам өргөжүүлэхээр зорьж байгаа аж. “ByteDance” компани “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг худалдах бодолгүй байгаа ч энэхүү саналыг худалдах үйл ажиллагаа гэхээс илүүтэй нэгдэх бүтэцтэй тул хүлээн авах магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна.
Хэрэв энэхүү хэлэлцээр батлагдвал шинэ компанийн нийт үнэлгээ 50 тэрбум ам.доллароос давах боломжтой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан “TikTok”-д АНУ-д түр хугацаагаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч, аппликейшний хувь заяаг ирэх 30 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэхээ мэдэгдээд буй. “TikTok”-той нэгдэх хүсэлтэй компаниудын тоонд “Microsoft”, “Oracle”, мөн Илон Маск багтсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.