bnr-0
Хятадад нийлүүлэх нүүрсний экспорт дээр өрсөлдөөн ширүүсэж байна
03 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улс 2025 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 2%-иар их буюу 10.7 сая тонн нүүрс экспортод гаргажээ.
  • Хамгийн өндөр үнэ хүрдэг коксжих нүүрсний борлуулалт муу байгаа нь экспортын орлого буурахад голлон нөлөөлж байна.
  • БНХАУ-д нийлүүлсэн манай нүүрсний хэмжээ буурсан бол бусад орон буюу Канад, ОХУ, Австралийн борлуулалтын хувь хэмжээ өсчээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улс 2025 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 2%-иар их буюу 10.7 сая тонн нүүрс экспортолжээ. Гэвч үнийн дүнгээр 38.6 хувиар бага буюу 800 сая ам.долларын экспортын орлого олсон тухай тайлан мэдээнд дурджээ. 

Манай улс нүүрсний нийлүүлэлтээр өмнөх оны мөн үед ОХУ-ын дараа жагсаж байсан бол энэ онд нэг байр урагшилж  гуравдугаарт бичигдэх болов.

Тодруулбал, БНХАУ 2025 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар бага буюу 73.7 сая тонн нүүрс импортолсны 14.5%-ийг манай улс нийлүүлжээ.

Үүний араас Индонез болон Австрали орж байна.

Коксжих нүүрсний хувьд,

БНХАУ 2025 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар их буюу 18.8 сая тонн коксжих нүүрс импортолсон. Үүний 34.2 хувь буюу  6.4 сая тонныг Монгол Улс нийлүүлж тэргүүлэгч байр сууриа хадгалсан байна .

Гэсэн ч коксжих нүүрсний нийлүүлэлт өмнөх оноос даруй 25 хувиар буурч БНХАУ-ын импортод эзлэх хэмжээ 48.2 хувиас 34.2 хувь болтлоо буурчээ.

Олон улсын зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа нь манай улсын экспортын орлого буурахад хүргэж байна. Ялангуяа хамгийн үнэтэйд тооцогддог угаасан коксжих нүүрсний борлуулалт муу байгаа нь экспортын орлого буурахад голлон нөлөөлж байна. 

Монгол Улс нь коксжих нүүрсний чанар, үнэ, нийлүүлэлтийн байршил зэргээр бусад улстай өрсөлдөхүйц ч эхний 2 сарын тоон мэдээллээс үзэхэд борлуулалт дээр анхаарах шаардлагатай болж байна. 

Учир нь тус хугацаанд БНХАУ-ын импортод эзлэх бусад улсын нийлүүлэлтийн хэмжээ (Монгол 48.2%-34.2%), (ОХУ 22.8%-28.1%), (Австрали 8.7%-13.9%), Канад (7.6%-11.2%) болж, манай боруулалт буурсан байхад бусад нийлүүлэгч орных өссөн нь анхаарал татаж байна.  

mobile-logo