- Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөгийн үнэтэй байна.
- Аравдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
- Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар өсчээ.
Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөгийн үнэтэй байна. Үүний шалтгааныг эдийн засагчид хотын төвд байрлалтай, бүх юманд ойр, худалдан авчихаад эргээд түрээслэхэд хялбар гэдэг шалтгаантай холбон тайлбарлаж байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод 2024 оны аравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байгаа юм.
Харин 2024 оны аравдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.96 сая төгрөгийн үнэтэй байна.
Энэ хугацаанд хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.16 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.14 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
2024 оны аравдугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 29.0 хувь (1082.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 9.0 хувь (384.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 31.9 хувь (1243.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 13.4 хувь (439.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага өсөлтөд тооцогдож байна.
Ирэх жил мөн орон сууцны үнэ ойролцоогоор 10 хувь өснө гэж таамаглаж байна.