bnr-0
Жон Полсон: Алтны ханш 2028 он гэхэд 5,000 ам.долларт хүрнэ
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Алтны ханш унци нь 3,500 ам.доллар болж түүхэн дээд түвшинд хүрээд байна.
  • Төв банкуудын гол нөөц хөрөнгө нь алт болж хувирна гэж хөрөнгө оруулагч Жон Полсон дүгнэж байна.
  • Тэрбээр Perpetua Resources, NovaGold зэрэг алтны томоохон төсөлд хөрөнгө оруулсан.
Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд алт уламжлалт “аюулгүй сонголт” хэвээр байна.

Санхүүгийн хямралын үеэр их хэмжээний ашиг олж нэрд гарсан хөрөнгө оруулагч Жон Полсон 2028 он гэхэд алтны үнэ бараг 5,000 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Тэрбээр алт нь геополитикийн эрсдэл, инфляцын эсрэг найдвартай хамгаалалт болж, улам бүр үнэ цэнтэй хөрөнгө болж хувирч байгааг онцоллоо.

Полсоны тайлбарласнаар дэлхий даяар Төв банкууд ам.долларт хэт хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж, алт худалдан авах хандлагаа эрчимжүүлж байгаа нь үнэт металлын үнийг өсгөх гол шалтгаан болж байгаа аж. Түүнчлэн, валютын ханшийн савлагаа, бодлогын тодорхойгүй байдал алтны эрэлтэд томоохон түлхэц болж байна. “Төв банкуудын худалдан авалт бол зөвхөн санхүүгийн стратеги бус, итгэлийн илэрхийлэл юм. Алт бол санхүүгийн эрсдэлийн эсрэг даатгал” хэмээн тэр мэдэгдсэн байна.

Алтны ханш өнгөрсөн долоо хоногт унци тутамдаа 3,500.05 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байгаа нь Полсоны дүгнэлтийг батлах үндэслэл болж байна. Тэрбээр үнэ ийн өсөж буйг алт дэлхийн санхүүгийн системд улам чухал байр суурь эзэлж эхэлсний илрэл хэмээн тодорхойлов.

Түүний алтны өсөлтөд итгэх итгэл зөвхөн үгээр хязгаарлагдахгүй бодит хөрөнгө оруулалтаар баталгаажиж буй юм. Жон Полсон АНУ-ын Айдахо муж дахь Stibnite төслийг хэрэгжүүлж буй Perpetua Resources компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Аляска дахь Donlin алтны ордод үйл ажиллагаа явуулдаг NovaGold компанид 40 хувийн оролцоотой хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээр позиц нь алтны ирээдүйд итгэж байгаагийн тод илрэл юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд алт уламжлалт “аюулгүй сонголт” хэвээр байна. Гэхдээ одоо энэ ойлголт зөвхөн нэг улсын эдийн засгийн нөхцөлөөс хамаарахаа больж дэлхий нийтийн хэмжээнд өргөжиж байна. Полсон алт удахгүй валютын системийн суурь нөөцийн нэгэн адил стратегийн ач холбогдолтой хөрөнгө болно гэж дүгнэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос зэрэг орнуудын Төв банкны алтны нөөцөө нэмэгдүүлж, ам.доллараас ангид байх бодлого баримталж буй нь энэ үзэгдлийг улам лавшруулж буйг тэрбээр мөн онцолжээ. “Үнийн өсөлт бол зүгээр нэг зах зээлийн хэлбэлзэл биш. Энэ бол хүмүүсийн итгэл үнэмшил хэрхэн өөрчлөгдөж буйг илтгэх чимээгүй дохио” гэж Жон Полсон хэлжээ.   

mobile-logo