- Тус загварыг “Nvidia”-ийн H800 зэрэг харьцангуй хязгаарлагдмал хүчин чадалтай чипүүдийг ашиглан бүтээсэн хэдий ч логик ухаан, асуудал шийдвэрлэх, код бичих чадвараараа өрсөлдөгчдөө илүүрхээд байгаа нь анхаарал татаж байна.
- Энэ нь АНУ-ын хиймэл оюуны тэргүүлэгч байр суурь аажмаар суларч болзошгүйг харуулж, өнөөгийн их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий хиймэл оюуны хөгжлийн стратеги үр дүнтэй эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
- R1 загвар олон нийтийн анхаарлыг ихээхэн татсанд хөрөнгө оруулагчид хүчтэй хариу үйлдэл үзүүлж, “Nvidia” компанийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 17 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум ам.доллароор буураад байна.

Хятадын хиймэл оюуны гарааны бизнес болох “DeepSeek” компани технологийн салбарт томоохон шуугиан дэгдээлээ. Тус компани хямд зардлаар, богино хугацаанд Америкийн хиймэл оюуны тэргүүлэгч загваруудтай өрсөлдөхүйц хүчирхэг хиймэл оюуны загваруудыг хөгжүүлж эхэлжээ.
“DeepSeek” компанийн шинээр танилцуулсан R1 загварыг ердөө 6 сая ам.доллароор бүтээсэн нь хамгийн анхаарал татсан зүйл байв. Тус загварыг “Nvidia”-ийн H800 зэрэг харьцангуй хязгаарлагдмал хүчин чадалтай чипүүдийг ашиглан бүтээсэн хэдий ч логик ухаан, асуудал шийдвэрлэх, код бичих чадвараараа өрсөлдөгчдөө илүүрхээд байгаа нь анхаарал татаж байна.
2023 онд актив хөрөнгө оруулагч Лян Вэньфэн үүсгэн байгуулсан “DeepSeek”-ийн энэхүү амжилт АНУ-ын технологийн компаниудын олон тэрбум долларын хөрөнгө оруулалт үр дүнтэй эсэхэд эргэлзээ үүсгээд байна. “DeepSeek” нь нээлттэй эхийн загвар хөгжүүлж, илүү хямд, үр ашигтай хиймэл оюун бүтээснээр салбарын өрсөлдөөний дүрмийг өөрчилжээ.
АНУ-ын Засгийн газар Хятадын технологийн хөгжлийг удаашруулах зорилгоор дэвшилтэт чипний экспортыг хязгаарласан ч “DeepSeek” инновацлаг аргаар, дотоод нөөц бололцоогоо ашиглан өндөр гүйцэтгэлтэй хиймэл оюуны систем бүтээж чадсан аж. Энэ нь АНУ-ын хиймэл оюуны тэргүүлэгч байр суурь аажмаар суларч болзошгүйг харуулж, өнөөгийн их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий хиймэл оюуны хөгжлийн стратеги үр дүнтэй эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Тэгвэл уг R1 загвар олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, “Apple”-ийн “App Store”-ын үнэгүй аппликейшний жагсаалтыг тэргүүлжээ.
Үүнд хөрөнгө оруулагчид хүчтэй хариу үйлдэл үзүүлж, “Nvidia” компанийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 17 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум ам.доллароор буураад байна. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр уналт хэмээн тэмдэглэгдэж байна.
Ийнхүү хиймэл оюуны салбарт шинэ өрсөлдөөн үүсэж, АНУ-ын технологийн гигантууд өөрсдийн стратегиа эргэн харж, илүү ухаалаг, зардал багатай хиймэл оюун хөгжүүлэх гарцыг хайхад хүрээд байна.