bnr-0
Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн төмөр зам барих төслийг яаралтай эхлүүлэх саналтай буйгаа илэрхийллээ
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна.
  • "Эдийн засгийн коридор"-ын хүрээнд хамтран хэрэгжүүлэх 33 төслөө дэд бүтцийн салбарт эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлээ.
  • Монголын нутгаар хийн хоолой барих, аялал жуулчлалын бүс, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох зэрэг саналыг дэвшүүлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нартай уулзлаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Уулзалт ярианы гол сэдэв, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудал байлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлаар урагшлуулах сонирхолтой байна гэлээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох зэрэг саналыг дэвшүүлэв. 

Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжид хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

 ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлсэн бол ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025  онд зохион байгуулахаар тохиролцов.  

mobile-logo