- 2025 оны Монгол Улсын төсөв нь алдагдалгүй байх, хууль дээдлэх, ирээдүйд үүсэж болох эрсдэлийг тооцох гэдэг үндсэн суурь зарчмын шаардлагыг хангаж чадаагүй тул бүхэлд нь хориг тавьжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч олон нийт, татвар төлөгч, баялаг бүтээгчдийн зүгээс 2025 оны төсвийг хэт үрэлгэн, эрдсэн төсөв гэж шүүмжилж байгааг хүндэтгэн үзэж, засаж сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар энэ тухай албан ёсоор мэдээлэл хийж мэдэгдлээ.
Тэрээр хийсэн мэдэгдлийнхээ эхэнд, улсын эдийн засагт төвлөрөх нүүрсний орлого өссөн хэдий ч 2025 оны төсвийг үрэлгэн төсөв баталлаа гэж үзэж байна. Засгийн газар бүх цаг үед алдагдалгүй төсөв батлах ёстой. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.
Мөн 2025 оны төсөв нь хууль дээдлэх зарчмыг баримталж чадсангүй.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.
Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа.