bnr-0
“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашгийг бүтээн байгуулалтад зарцуулна
11 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
  • "Эрдэнэс Монгол" нэгдлийн олсон ашгийг аж үйлдвэрийн зургаан парк байгуулахад зориулах нь зүйтэй гэж үзлээ.
  • Хуримтлалын санд төвлөрүүлэх мөнгөн орлогыг нэмэгдүүлж, байгалийн баялгийг тэгш хуваарилахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
  • Экспортын орлогыг нэмэгдүүлэхэд дэд бүтэц, төмөр зам, ачаа эргэлтэд байгаа ачааны вагоны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол" нэгдлийн удирдлагад үүрэг болголоо.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдэлд дараагийн удаад хэрэгжүүлэх шинэчлэлийг хэлэлцлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Үүний үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлсэн. Мөн нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.         

Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Танилцуулгатай холбогдуулан,

Хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,

"Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,

Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  

mobile-logo