bnr-0
Дэлхийн банк: Монгол Улс дунджаас дээш орлоготой орнуудын эгнээнд нэгдлээ
07 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн банкнаас тооцоолж гаргадаг дундаас дээш орлоготой ангилалд нийт 54 улс багтдаг.
  • Манай улс Иран, Украин, Алжир зэрэг нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО) нь 4516 ам.доллараас дээш улстай хамт шинээр нэгдэж буй юм. 
  • ДНБ ийнхүү өссөн нь “Өнгөрсөн онд уул уурхайн салбар 23.4 хувиар тэлж, экспорт нийт 53.4 хувиар өссөнтэй холбоотой” хэмээн Дэлхийн банкны тайлан дурджээ. 
Дэлхийн банк жил бүрийн долдугаар сарын 1-нд энэхүү жагсаалтыг танилцуулдаг

Монгол Улс 2014 оноос хойш анх удаа манай гарагийн дундаас дээш орлоготой орнуудын жагсаалтад бичигдсэн тухай бид мэдээлсэн. Дэлхийн банкнаас тооцоолж гаргадаг эл ангилалд нийт 54 улс багтаж бөгөөд манай улс Иран, Украин, Алжир зэрэг нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО) нь 4516 ам.доллараас дээш улстай хамт шинээр нэгдэж буй юм. 

Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ 7.0 хувиар, нэг хүнд ногдох ҮНО 16 хувиар өсөж 4950 ам.долларт хүрснээр ийнхүү дунаас дээш орлоготой орнуудын эгнээнд багтаж буй. ДНБ ийнхүү өссөн нь “Өнгөрсөн онд уул уурхайн салбар 23.4 хувиар тэлж, экспорт нийт 53.4 хувиар өссөнтэй холбоотой” хэмээн Дэлхийн банкны тайлан дурджээ. 

Дэлхийн банк жил бүрийн долдугаар сард энэхүү жагсаалтыг танилцуулахдаа тухайн улс орнуудын нэг хүнд ногдох ҮНО-д тулгуурладаг ба нэг хүнд ногдох орлого нь 1145 ам.доллар хүртэл бол бага орлоготой, 1146-4515 ам.доллар бол дундаас доогуур, 4516-14005 ам.доллар бол дундаас дээш, 14006 болон түүнээс дээш ҮНО-той орнуудыг өндөр орлоготой эдийн засаг хэмээн ангилдаг.   

mobile-logo