bnr-0
Дэлхийн банк: Дэд бүтэц сул хөгжсөн, тээврийн зардал хэт өндөр байгаа нь Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварыг хойш татаж байна
09 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн банк: Засгийн газрын зүгээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспортын шинэ гарц нээж өгөхөд дэмжлэг үзүүлэх нь нэн чухал.
  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ их хэмжээгээр экспортолдог болохын тулд эрүүл ахуйн чанар, стандартаа олон улсын түвшинд хүргэж шинэчлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Дэлхийн банкнаас "Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ" тайланг гаргаж, дүнгээ танилцуулсан. Үүнд дурдсанаар ижил төстэй улс орнуудтай харьцуулахад худалдааны харьцангуй нээлттэй орчинтой хэдий ч далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд төвөөс алслагдсан, өргөн уудам нутаг дэвсгэртэй тул Монгол Улс худалдааг хөгжүүлэх чиглэлд өвөрмөц сорилтуудтай тулгардаг. Гол нь дэд бүтэц сул хөгжсөн, тээврийн зардал хэт өндөр байгаа нь Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварыг доош нь татаж байна. Энэ сул талаа ямар давуу талаар нөхөх вэ гэдэг бүх засгийн газрын, бас шийдвэр гаргагчдын анхаарлаа хандуулах чухал асуудлын нэг байсаар байх болно. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох асар их боломжтой ч хил, гаалийн хорио цээр улмаар эрүүл ахуйн чанар стандарт дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг олон тулгуурт болж хөгжихөд заавал шийдвэрлэх ёстой  гол сорилтууд гэж онцолжээ.

Монгол Улсын логистик чадавхыг сайжруулах замаар хүргэлтийн зардлыг бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчдэд экспортын шинэ гарц, зах зээлийг нээж өгөхөд ихээхэн тустай. “Монгол Улс гадаад худалдааны потенциалаа бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгаа төрөлжүүлэн тогтвортой өсөлтийг хангахын тулд гадаад худалдааны бодлого, удирдлага зохион байгуулалтаа үргэлжлүүлэн шинэчилж, сайжруулах нь нэн чухал юм” хэмээн Дэлхийн Банкны тайланд тэмдэглэжээ. Мөн боловсон хүчнээ чадавхжуулах улмаар засгийн газрын зүгээс цахим үйлчилгээ экспортлогч компаниудад зориулж цахим экспортод тавигдах олон улсын зохицуулалт, шаардлагуудыг хангахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа тухай мөн тайланд өгүүлжээ.   

mobile-logo