- Украин ОХУ-ын Брянск хотод байрлах байгууламж руу АНУ-д үйлдвэрлэсэн пуужин харвасантай холбоотойгоор Ерөнхийлөгч Путин цөмийн хүчний бодлогоо шинэчилж, цөмийн зэвсэг ашиглах нөхцөлүүдээ өргөжүүллээ.
- Европын гарааны бизнесүүдэд зориулсан венчур санхүүжилт 2024 оны байдлаар 45 тэрбум ам.долларт хүрч тогтворжжээ.
- Хөрөнгө оруулагчид “Nvidia” компанийг орлогын тайлангаа гаргахыг хүлээж байгаа бөгөөд тус компанийн хиймэл оюунд суурилсан шинэ чип болох “Blackwell”-ийн эрэлт өндөр байгаа аж.
Украин ОХУ-ын Брянск хотод байрлах байгууламж руу пуужин харваж, цохилт өгөөд буй. Тус цохилтод Украин АНУ-д үйлдвэрлэсэн пуужин ашигласан хэмээн ОХУ талаас мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Путин цөмийн хүчний бодлогоо шинэчилж, цөмийн зэвсэг ашиглах нөхцөлүүдээ өргөжүүлсэн нь дэлхий нийтийг түгшээгээд буй. Энэхүү геополитикийн хурцадмал байдлаас үүдэн АНУ-ын зах зээлд богино хугацааны уналт үүссэн ч сэргэж, S&P 500 индекс 0.4 хувиар, Nasdaq 1.04 хувиар өсжээ. Харин Европын зах зээл буурч, Stoxx 600 индекс гурван сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
Технологийн салбарт өрнөсөн үйл явдлаас дурдвал “Qualcomm” компани компьютерын чип зэрэг шинэ бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар 2029 он гэхэд жилийн орлогоо 22 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаад буй. Үүний зэрэгцээ, Европын гарааны бизнесүүдэд зориулсан венчур санхүүжилт 2024 оны байдлаар 45 тэрбум ам.долларт хүрч тогтворжжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос бага зэрэг буурсан дүн хэдий ч тус салбарын өсөлтөд хөрөнгө оруулагчид итгэлтэй байгааг харуулж байна.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид “Nvidia” компанийг орлогын тайлангаа гаргахыг чих тавин хүлээж байгаа бөгөөд тус компанийн хиймэл оюунд суурилсан шинэ чип болох “Blackwell”-ийн эрэлт өндөр байгаа аж. Гэвч серверийн хэт халалттай холбоотой асуудлууд хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өөрчилж, компанийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээв. Хэдий геополитикийн асуудал хурцадмал, санаа зовоох асуудал их байгаа ч хөрөнгө оруулагчид тогтвортой байдал болон хөрөнгийн өсөлтийн төлөө “Nvidia” тэргүүтэй технологийн томоохон компаниудад анхаарлаа хандуулсан хэвээр байна.