- Хөдөлмөр эрхлэгчдийн 76 хувь нь ажлын байрны тодорхойлолтоос давсан үүрэг гүйцэтгэдэг ч хөдөлмөртөө тохирсон цалин авдаггүй гэж үздэг.
- Сүүлийн жилүүдэд компаниуд хүний нөөцийн дутагдал, төсөв хэмнэлт, зайнаас ажиллах зохицуулалт, бүтцийн өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарсан.
- Тушаал дэвшихээс татгалзах нь карьерын боломжоо бүрмөсөн хааж байна гэсэн үг огт биш. Хүн тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан зөв шийдвэр гаргах нь чухал.
Олон компани карьерын шат өгсөхийг амжилтын үндэс гэж үздэг. Тушаал дэвших хэрээр цалин хөлс нэмэгдэж, ажлын байрны нөхцөл сайжирч, нийгэмд эзлэх байр суурь ч өсдөг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэгчид тушаал дэвших саналаас татгалзах нь түгээмэл болж байна.
2024 оны эхний улиралд оффисын ажилтнуудын дөнгөж 1.3 хувь нь тушаал дэвшсэн нь сүүлийн таван жилийн хамгийн доод үзүүлэлт байв. “Pew Research Center”-ийн судалгаагаар хөдөлмөр эрхлэгчдийн 38 хувь нь тушаал дэвших боломжийн хүртээмжид сэтгэл хангалуун бус байдаг гэжээ.
Тушаал дэвшихээс татгалзах шалтгаанууд:
Ажлын ачаалал их, цалин бага
Хөдөлмөр эрхлэгчдийн 76 хувь нь ажлын байрны тодорхойлолтоос давсан үүрэг гүйцэтгэдэг ч хөдөлмөртөө тохирсон цалин авдаггүй гэж үздэг байна. Мөн 29 хувь нь цалиндаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Амьжиргааны зардал өндөр байгаа энэ үед цалингийн зөрүүтэй байдлаас үүдэн ажилтнууд шинэ албан тушаалд илүү хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа аж.
Тухайлбал, Атланта хотын нягтлан бодогч Шеррика Сандерс тушаал дэвших санал хүлээн авсан ч цалингийн нэмэгдэл нь ажлын нэмэлт ачааллыг нөхөж чадахгүй гэж үзэн татгалзжээ. Харин нөхцөл байдлаа компанийн удирдлагад ойлгуулж, цалингаа нэмүүлсний дараа тухайн саналыг хүлээн авч байсан байна.
Удирдах албан тушаалын хариуцлага их
Сүүлийн жилүүдэд компаниуд хүний нөөцийн дутагдал, төсөв хэмнэлт, зайнаас ажиллах зохицуулалт, бүтцийн өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарсан. Үүнээс шалтгаалан менежерүүдийн ажил илүү хүндрэлтэй болж, стрессийн түвшин нэмэгджээ. Судалгаагаар залуу үеийнхний 52 хувь нь удирдах албан тушаалд очих хүсэлгүй байна гэж хариулсан байна.
Карьерын зорилготой нийцэхгүй байх
Тушаал дэвших нь ажилтны ур чадвар, карьерын зорилготой нийцэхгүй бол ажилдаа сэтгэл дундуур байх шалтгаан болдог. Жишээлбэл, Шеррика Сандерс харилцаа холбооны компанид ажиллаж байхдаа илүү том баг удирдах санал авсан ч өөрийн дуртай ажлуудаасаа холдохыг хүсээгүй тул татгалзжээ. Үүний оронд тэр өөрийн бизнесийг эхлүүлсэн байна.
Хүн бүр манлайлагч болохыг хүсдэггүй
Карьерын шат өгсөх нь хүн бүрийн туйлын зорилго байдаггүй. Зарим хүмүүс одоогийн ажлаа эрхэмлэн, илүү их үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Жишээлбэл, Бостоны эрүүл мэндийн компанид ажилладаг Шерри Карпинето гэр бүлдээ анхаарахын тулд удирдах түвшний өндөр цалинтай ажлын саналаас удаа дараа татгалзаж байжээ.
Тушаал дэвшихээс татгалзах нь зөв үү?
Тушаал дэвшихээс татгалзах нь карьерын боломжоо бүрмөсөн хааж байна гэсэн үг огт биш. Хүн тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан зөв шийдвэр гаргах нь чухал. Тухайн үед татгалзсан ч ирээдүйд дахин боломж гарч ирэхэд түүнийг ашиглахад хэзээд нээлттэй байх боломжтой. Хамгийн гол нь урт хугацааны зорилгоо тодорхойлж, амьдралын тэнцвэрийг хадгалах нь чухал юм.