- Мексикт нэр хэвээр үлдэх бөгөөд бусад улс орнуудын хэрэглэгчид хоёр нэрийг зэрэг харах аж.
- Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийн дагуу Хойд Америкийн хамгийн өндөр оргил болох Денали уулыг “МакКинли” гэж нэрлэхээр болсон байна.
- Трамп ийнхүү нэр сольж буйгаа цагаачлалын асуудалтай холбон тайлбарлажээ.

“Google Maps” АНУ-д Мексикийн буланг “Америкийн булан” болгон өөрчлөхөөр болжээ. Харин Мексикт нэр нь хэвээр үлдэх бөгөөд бусад улс орнуудын хэрэглэгчид хоёр нэрийг зэрэг харах аж.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийн дагуу Хойд Америкийн хамгийн өндөр оргил болох Денали уулыг “МакКинли” гэж нэрлэхээр болсон байна. “Google” компани газрын нэрсийг тухайн улсын Засгийн газрын албан ёсны нэршлийн дагуу шинэчилдгээ баталжээ.
Эдгээр өөрчлөлт нь Трамп албан тушаалаа авсны дараах анхны шийдвэрүүдийн нэг байсан бөгөөд тэрбээр “Америкийн булан” гэдэг нэрийг “гоё сонсогдож байна” хэмээн онцолсон байна. Трамп ийнхүү нэр сольж буйгаа цагаачлалын асуудалтай холбон тайлбарлажээ.
Харин Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хошигнон, хэрэв булангийн нэрийг өөрчилж байгаа бол Хойд Америкийг ч бас “América Mexicana” буюу “Мексикийн Америк” гэж нэрлэх санал гаргажээ. Учир нь уг нэр нь 1814 оны түүхэн баримтад дурдагдаж байсан аж.
“Google Maps” маргаантай бүс нутгийн нэрийг тухайн улсын албан ёсны нэршлээр тэмдэглэх журамтай. Жишээ нь, Япон болон Өмнөд Солонгосын хооронд орших далайг бусад улсуудад "Японы тэнгис (Дорнод тэнгис)" гэж тэмдэглэдэг.
Мөн 2012 онд Иран “Персийн булан” нэрийг “Google” газрын зурагнаас хассан явдалд эсэргүүцэл илэрхийлж, хууль эрх зүйн арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. Үүний дараа “Google” тухайн усан замыг бусад улсуудад "Персийн булан (Арабын булан)" хэмээн давхар нэрлэжээ.