- Хятад болон Хонконгийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оноос хойш 4.8 их наяд ам.доллараар буураад байгаа тухай HSBC мэдээллээ. Энэ нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээнээс давсан дүн юм.
- БНЭУ-ын Үндэсний хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ 4.63 их наяд ам.доллар болж, Хонконгийг гүйцэж түрүүлсэн бөгөөд одоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.
- “EY India”-аас гаргасан судалгаагаар Энэтхэгийн хөрөнгийн биржид хийгдсэн IPO 2023 онд түүхэн дээд түвшиндээ хүрчээ.
Хятад болон Хонконгийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оноос хойш 4.8 их наяд ам.доллараар буураад байгаа тухай HSBC мэдээллээ. Энэ нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээнээс давсан дүн юм.
Дэлхийн хөрөнгийн биржийн холбооноос өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлснээр БНЭУ-ын Үндэсний хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ 4.63 их наяд ам.доллар болж, Хонконгийг гүйцэж түрүүлсэн бөгөөд одоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Харин Азийн хөрөнгийн биржүүд дунд гуравдугаарт эрэмбэлэгджээ.
БНХАУ-ын CSI 300 индекс сүүлийн гурван жил дараалан буурч, зах зээлийн нийт үнэлгээ нь 11.4 хувиар доошилсон үзүүлэлттэй өнгөрсөн оныг үдсэн байна. Харин Хонконгийн Hang Seng индекс түүнээс ч муу гүйцэтгэл харуулж, 2023 онд 13.8 хувиар агшсан нь дөрөв дэх жилдээ дараалсан уналт болж буй.
Хятадын хүндрэл Хонконгийн зах зээлд нөлөөлж эхэллээ
Хөрөнгө оруулагчдыг түгшээж буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал Хонконгийн хөрөнгийн зах зээлд ч мөн нөлөөлж байна. “Evergrande Group”, “Country Garden” зэрэг Хятадын үл хөдлөх хөрөнгийн голлох хувьцаанууд Хонконгийн хөрөнгийн биржид мөн давхар бүртгэлтэй байдагтай энэ нь холбоотой.
Хятад улс 2024 онд эдийн засгаа 5 хувиар тэлэх хүлээлттэй байгаа ч эдийн засагчид эргэлзсээр байгаа юм.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтэд хүрэхгүй байгаагийн зэрэгцээ мөнгөний хатуу бодлого, геополитикийн эрсдэл зэрэг нь биржүүдийн зах зээлийн үнэлгээг доош татаж, хөрөнгийн зах зээлд шинээр хийгдэх IPO-д сөргөөр нөлөөлж байгааг Хонконгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Николас Агузин өнгөрсөн гуравдугаар сард CNBC-д өгүүлж байсан билээ.
Хөрөнгө оруулагчид Энэтхэг рүү хошуурч байна
Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн бенчмарк Nifty 50 индекс найман жил дараалан өсөж, 2023 онд 20 хувиар тэлсэн үзүүлэлттэй байна. Энэтхэг улсын эдийн засгийн өсөлтийн талаар шинжээчид өөдрөг үзэлтэй байгаатай энэ нь холбоотой.
Нэг сарын арилжааны хэмжээгээр Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржийг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.
“EY India”-аас гаргасан судалгаагаар Энэтхэгийн хөрөнгийн биржид хийгдсэн IPO 2023 онд түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Өнгөрсөн онд тус биржид нийт 220 компани шинээр бүртгүүлж, 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна.
Харин энэ оны эхний улирлын байдлаар Хятадын А зэрэглэлийн зах зээлд 30 IPO шинээр хийгдэж, 3.4 тэрбум ам.доллар босгосон нь 2020 оноос хойших хамгийн бага дүнд тооцогдож байна. Тэрчлэн Хонконгийн биржид ердөө 10 компани бүртгүүлж, тэдгээрийн хоёрынх нь арилжаа 100 сая ам.долларын босго давсан нь 2010 оноос хойших доод түвшин юм.
"Хятадын зах зээл илэрхий удааширч, харин Энэтхэг улс эсрэгээрээ онцгой өсөлтийг үзүүлж байна" хэмээн EY-ийн глобал IPO хариуцсан захирал Жорж Чан онцолж байна.