- Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) болон Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) Монгол оронд өсөн нэмэгдэж буй уур амьсгалын эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
- Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь олон нийтийг уур амьсгалын эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэх аж.
- Монголын уур амьсгалын өндөр эрсдэлтэй дөрвөн аймагт 20,000 гаруй иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар IFRC-ийн зүгээс мэдэгджээ.

Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) болон Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) Монгол оронд өсөн нэмэгдэж буй уур амьсгалын эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь Ази тивийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг шийдвэрлэх стратегийн чухал алхам болоод буй. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудтай тулгарч буй Монгол Улсын дасан зохицох чадвар, тэсвэрлэх чадамжийг бэхжүүлэх зорилготой IFRC болон CIDCA-ийн Азид хэрэгжүүлэх анхны хамтарсан хөтөлбөр юм.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь олон нийтийг уур амьсгалын эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэх аж.
Тус хөтөлбөрт олон нийтийн түвшинд эрт арга хэмжээ авах системийг бүрдүүлэх, малын тэжээлийн арга барилыг сайжруулж, уур амьсгалын гамшигт тэсвэртэй болгох, иргэдийг ур чадварын сургалтаар дамжуулан орлогын олон эх үүсвэртэй болгох мөн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн (MRCS) институцийн чадамжийг бэхжүүлэх зэрэг ажлууд багтаж байна.
Монголын уур амьсгалын өндөр эрсдэлтэй дөрвөн аймагт 20,000 гаруй иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар IFRC-ийн зүгээс мэдэгджээ.
Эдгээр бүс нутгууд нь зуд, ган, үер, шуурга, тал хээр болон ой хээрийн түймэр зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртөх өндөр магадлалтай тул IFRC нь эдгээр сорилтыг хамтран үр дүнтэй шийдвэрлэхээр тууштай ажиллана хэмээлээ.