- Нийслэлийн ногоон бүс галын “Маш өндөр” эрсдэлтэй түвшинд хүрээд байна.
- Ил гал гаргах, зугаалга, баяр наадам хийхийг 6 болон 11 дүгээр сар хүртэл хориглолоо.
- Он гарсаар зөвхөн шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.

Ой, хээрийн гал түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд онцгой хяналт тогтоож, гал гаргах бүх төрлийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хориглолоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “Маш өндөр” зэрэглэлд хүрсэн байна. Энэ нь гал гарч болзошгүй байдал эрс нэмэгдсэнийг илтгэж буй тул нийслэлийн Засаг даргын А/373 тоот захирамжаар ойн бүс дэх олон нийтийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тавив.
Захирамжийн дагуу 2025 оны гуравдугаар сарын 28-наас зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал хугацаанд нийслэлийн ногоон бүсэд дараах үйлдлүүдийг хориглолоо. Үүнд: ойн баялаг түүх, аялал зугаалга зохион байгуулах, төгсөлтийн баяр тэмдэглэх, ил гал гаргах зэрэг орно. Энэ хориг нь зөвхөн Улаанбаатар хотын ногоон бүсэд үйлчилж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангасан, онцгой шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч, хяналтын дор ажиллах зохицуулалттай юм.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс үүдэн нийт 32 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага бүртгэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр эдгээр нь ихэнхдээ цаг алдалгүй унтраагдсан ч хуурайшил ихтэй, салхи шуургатай энэ үед түймэр хэдхэн хоромд хяналтаас гарч болзошгүй юм.
Мэргэжлийн байгууллагууд иргэдийг өндөр эрсдэлтэй үед аль болох хотоос гадуур явахгүй байх, ил задгай гал гаргахгүй байх, хүүхдүүдийг хяналтгүй орхихгүй байхыг уриалж байна. Мөн хээр хөдөө явахдаа зориулалтын бус аргаар хоол хийх, тамхи шүдэнзээ ил задгай хаях, түүхий нүүрс шатаах зэрэг үйлдлээс зайлсхийх хэрэгтэйг зөвлөжээ.