bnr-0
Кофены үнэр биш, үнэ нь сэтгэл сэртхийлгэв
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Арабика кофены үнэ дэлхий даяар огцом өсөж байна.
  • Европын супермаркетууд нөөцгүй болж, нийлүүлэлт доголдов.
  • Монголд жижиглэнгийн үнэ 25 хувиар нэмэгдэх магадлалтай.
Ирэх саруудад Монгол Улсад хэрэглэгддэг кофены үнэ дунджаар 25 хувь өсөх магадлал тун өндөр болжээ.

Дэлхий даяар кофенд дурлагсдын сэтгэлийг сэргээдэг биш, цочоодог мэдээ сүүлийн өдрүүдэд тархаж байна. Арабика сортын кофены үнэ дэлхийн зах зээл дээр хурдацтай өсөж, үүний нөлөө Монголын хэрэглэгчдэд ирэхэд ойрхон байна. Шинжээчдийн мэдээлж буйгаар ирэх саруудад Монгол Улсад хэрэглэгддэг кофены үнэ дунджаар 25 хувь өсөх магадлал тун өндөр болжээ.

Энэхүү өсөлтийн гол буруутан нь Бразил улсад сүүлийн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй ган гачиг, ургацын бууралт гэнэ. Дэлхий нийт арабика сортын кофены бараг тал хувийг дангаараа нийлүүлдэг тус улсын ган гачгийн хүндрэл нь ханшид доргилт өгөхөд хүргэсэн байна. 2024 оны байдлаар түүхий кофены үнэ 20 хувиар нэмэгдсэн бол өмнөх онд нь энэ үзүүлэлт 70 хувьд хүрч байв.

Кофены өртөг жижиглэнгийн үнийн бараг 40 хувийг бүрдүүлдэг тул түүхий эдийн үнийн өсөлт шууд хэрэглэгчийн халаасанд тусах нь гарцаагүй. Нэгэнт өртөг нь нэмэгдсэн тул томоохон кофены нийлүүлэгчид гэрээ хэлцлээ шинэчилж, өсөлтийг шууд хэрэглэгчид дамжуулахаар зэхэж байгаа аж. Харин Европын томоохон супермаркетууд энэ хэлэлцээг хойшлуулснаар зарим газарт бараа тасарч, кофены тавиурууд хоосорчээ.

Харин дэлхийн хоёр дахь том экспортлогч Вьетнам улс нь робуста гэх арабикагаас арай гашуун амттай ч илүү кофейнтэй кофег зах зээлд гаргадаг. Үнийн дарамт нэмэгдэх хэрээр Монголд робуста руу шилжих, хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөх магадлал үүсэж байна. Одоогоор Монгол Улсын жижиглэнгийн худалдаанд арабика сорт зонхилж байгаа ч хэрэглэгчийн сонголт үнэ, чанарын харьцаанд тулгуурлаж өөрчлөгдөх цаг ирэх нь дамжиггүй.

Кофены ханш дэлхийн зах зээл дээр ингэж савлаж байгаа цагт амтат үнэрээр сэтгэлээ сэргээдэг биш, үнийн өсөлтийг бодож суух үе эхэлж байх шиг. Монголын кофе сонирхогчид цаашид үнээ өсгөх кофены давалгаанд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах л үлдлээ.   

mobile-logo