bnr-0
Snapchat-ийн Evan Spiegel : Би шинэ ажилтнууддаа эхний өдөр нь “бараг боломжгүй” даалгавар өгдөг. Ингэснээр тэд эрт бүтэлгүйтэж сурдаг...
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Snap-ийн Гүйцэтгэх захирал Спигел шинээр ажилд орсон ажилтнууддаа эхний өдөр нь л бараг биелүүлэх боломжгүй хүнд даалгавар өгдөг.
  • Шинэ ажилтнуудын хувьд эрт бүтэлгүйтээд үзчих нь сэтгэлийн хат суулгаж, ирээдүйд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг.
  • Өөртөө итгэлтэй, бүтээлч, улмаар ажил олгогчийнхоо юу хүсээд байгааг сайн ойлгосноор хамтран үр ашигтай ажилладаг хэмээн бизнесийн туршлагаасаа ярьжээ.
Snap Inc.-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Эван Спигел (Evan Spiegel) шинэ ажилтнууддаа эхний өдрөөс нь маш хүнд даалгавар өгдөг талаар “The Diary of a CEO” подкастын даваа гарагийн дугаарт ярьжээ.

Бизнесийн салбарт  өрсөлдөөн улам ширүүсэж, шинэ санаа гаргах өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шиг үнэлэгдэх цаг иржээ.  Тэгвэл шинэ ажилтнуудын шинэ санаа, төгс биш ч өөр өнцгөөс харсан шинэлэг алхмууд ямар чухал болох талаар Snap Inc.-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Эван Спигел (Evan Spiegel) шинэ ажилтнууддаа эхний өдрөөс нь эхлэн маш хүнд даалгавар өгдөг тухай “The Diary of a CEO” подкастын даваа гарагийн дугаарт ярьжээ.  Түүний ярьсныг товч сийрүүлбэл,

Эхний өдөр нь бүтэлгүйтэх нь ямар ашигтай вэ? 

34 настай Спигел Snap компанийн дизайн хөгжүүлэлтийн багийн шинэ ажилтнууд эхний өдрөөсөө дизайны шүүмжлэлд оролцож, өөрсдийн санаагаа танилцуулах ёстой гэж хэлжээ.

“Танай компани яг юун дээр ажиллаж байгаа талаар ямар ч ойлголтгүй байхад шинэ, сайн санаа олох боломжтой гэж үү? Энэ бараг боломжгүй зүйл. биз дээ гэсэн асуултад, 

Энэ нь шударга бус санагдаж болох ч бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх замыг нээдэг гэж Спигел онцолжээ. Шинэ ажилтнууд бүтэлгүйтэх айдсаа эрт даван туулах нь ирээдүйд ажлын байрны эрсдэлийг даван гарах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тустай гэж тэрээр үздэг нэгэн аж. 

“Чиний хамгийн их айж байсан зүйл чинь аль хэдийн тохиолдчихлоо.  Бид бүгдээрээ чиний санааг харлаа, магадгүй тийм ч сайн санаа биш байж магадгүй. Заримдаа гайхалтай санаанууд гардаг ч ихэнхдээ төгс биш байдаг. Гэхдээ энэ нь бүтээлч байдалд хаалга нээж өгдөг, учир нь чи аль хэдийн бүтэлгүйтсэн байна хэмээн бүтээлч байдлыг нь дэмждэг. 

Бүтэлгүйтэл нь хүнд сэтгэлийн хат суулгаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. 

Энэ арга нь ажилтнуудыг хурдан хугацаанд өөртөө итгэлтэй болгож, сэтгэлийн хат суулгахад тусалдаг бөгөөд багийн доторх харилцааг ч бэхжүүлдэг гэж Спигел тайлбарлажээ. 

Мөн айдас даван туулах нь хэцүү мэт санагдаж болох ч зөв арга барилаар боломжтой гэдгийг судлаачид онцолсон байна. 

Яг ийм саналыг Тэнгисийн цэргийн тусгай хүчний ахмад (Navy SEAL) Жоко Виллинк (Jocko Willink): 

“Ихэнх тохиолдолд, бидний айдас бодит бус зүйл байдаг. Энэ нь зүгээр л бидний толгойд бий болсон хийсвэр ойлголт. Тиймээс айдсаа даван туулахын тулд шууд түүнтэй нүүр тулах хэрэгтэй. Шийдвэртэй алхам хий" хэмээн залуу, шинэ ажилтнуудад зөвлөжээ. 

Шинэ ажилтнуудад өгөх зөвлөгөө 

Шинэ ажлын эхний өдөр сандарч, айх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ урьдчилан бэлтгэлтэй байх нь амжилттай гараагаа эхлүүлэхэд тусална. 

Salesforce компанийн хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч Лори Кастилло Мартинез (Lori Castillo Martinez):

 • Компани, өөрийн ажиллах ажлынхаа эрхэм зорилгыг ойлгох

 • Өөрийн үүрэг, бүтээлч байдал компанид нь ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлох

 • Ажлын ярилцлагын явцад ажил олгогчоос хүлээлт, компанийн соёлын талаар асуух

 • Одоогийн болон хуучин ажилтнуудаас туршлага судлах зэрэг нь  шинэ ажилтан ажлын эхний өдрөө шинэ санаа гаргах шаардлагатай үед илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгоно. 

Спигел: 

“Шинэ ажилтнуудын 99%-ийн санаа төгс биш байдаг. Гэхдээ тэр туршлагаас суралцах нь чухал.” 

Дүгнэлт: 

Snap-ийн Гүйцэтгэх захирал Спигелийн шинэ ажилтнуудад эхний өдрөөс нь бүтэлгүйтэх туршлага өгөх арга нь эхлээд хатуу ширүүн мэт санагдах боловч, ажилтнуудад сэтгэлийн хат, өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалдаг. Шинэ ажилтнууд бэлтгэлтэй байж, компанийн зорилго, өөрийн үүргээ тодорхой ойлговол илүү сайн үр дүнд хүрэх боломжтой аж.  

mobile-logo