- Нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан тул газрын тосны үнэ буурах хандлагатай байгаа аж.
- Урт хугацаандаа нефтийн үнэ өсөх биш буурах төлөвтэй байна. Сүүлийн зургаан сарын байдлаар нефтийн үнэ 20 орчим хувиар буурчээ.
- АНУ олборлолтоо эрс нэмэгдүүлсэн нь газрын тосны үнэ буурах бас нэг шалтгаан болж байна.
АНУ-ын бенчмарк болон олон улсын жишиг брент маркийн газрын тосны үнэ даваа гарагт зургаан хувиар уналаа.
АНУ-ын түүхий нефтийн үнэ баррель нь 70 ам.доллараас доошилжээ. Энэ сарын эхээр нэг баррель нефтийн үнэ 77 ам.доллар давсан бол одоо 70 ам.доллар болж буурсан нь энэ аж. Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн ОПЕК болон газрын тос олборлогч 12 улсын үнийг өсгөсөнгүй. Нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан тул газрын тосны үнэ буурах хандлагатай байна гэж мэдээлжээ.
Урт хугацаандаа нефтийн үнэ өсөх биш буурах төлөвтэй байна. Сүүлийн зургаан сарын байдлаар нефтийн үнэ 20 орчим хувиар буурчээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нефтийн эрэлт 2020 оноос хойших хамгийн бага хувиар өсчээ. Үүнтэй зэрэгцээд нийлүүлэлт нэмэгдсээр байна.
Саудын Араб болон түүний газрын тос олборлогч холбоотнууд үнээ цаашид бууруулахгүйн тулд ирэх жил хүртэл бага хэмжээний газрын тос олборлохоор зургадугаар сард тохирсон. Үйлдвэрлэлийн хэмжээг бууруулснаар үнэ өснө гэж хүлээж байсан ч өсөлт гарсангүй. Харин АНУ эсрэгээрээ газрын тосны олборлолтынхоо хэмжээг эрс ихэсгэсэн байна. Тус улсын Эрчим хүчний яамны таамаглаж буйгаар энэ онд өдөрт дунджаар 13.2 сая баррель газрын тос олборлож байна. Олборлолт 2025 онд ч үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа аж.
Технологийн шинэчлэлийн хүрээнд устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй автомашин зах зээлд улам хүч түрэн орж ирвэл шатахууны эрэлт ирээдүйд улам буурна. Ханш нь ч гэсэн өсөхгүй байх төлөв ажиглагдаж байна.