bnr-0
ОХУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-ыг олон улсын хамтын ажиллагаанд саад учруулж байна хэмээн буруутгалаа
07 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ энэ сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг удирдаж "Илүү шударга, ардчилсан, тогтвортой дэг журмыг дэлхийд сахиулахын төлөө олон талт хамтын ажиллагаа байгуулах" талаар хэлэлцжээ.
  • Уулзалтын өмнө Украины Элчин сайд Сергей Кислица “Орос Украины хил хязгаарыг зөрчиж байгаа хэрнээ олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ хэмээн хуурамч дүр үзүүлж байна” хэмээн буруутгажээ. 
  • АНУ-ын Элчин сайд Орос улс олон улсын хамтын ажиллагааг алдагдуулж, НҮБ-ын зарчмуудыг зөрчиж байна гэж мэдэгджээ.
С.В.Лавров Оросыг төлөөлж энх тайван тогтоохыг Украинд уриалсан ч Киев татгалзаж, олон улсын байгууллагуудаас реформ хийхийг хүсээд буй.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-ыг барууны орнуудад хяналт тавьж, олон улсын хамтын ажиллагаанд саад учруулж байна хэмээн буруутгав. Тэгвэл уг мэдэгдлийг НҮБ-д суугаа  АНУ-ын Элчин сайд “дүр эсгэсэн үйлдэл” хэмээж, ОХУ Украин руу түрэмгийлсэн нь өөрөө олон улсын хэм хэмжээ, хамтын ажиллагааг зөрчсөн явдал гэв.

ОХУ энэ сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг удирдаж "Илүү шударга, ардчилсан, тогтвортой дэг журмыг дэлхийд сахиулахын төлөө олон талт хамтын ажиллагаа байгуулах" талаар хэлэлцжээ. Уулзалтын өмнө Украины Элчин сайд Сергей Кислица АНУ тэргүүтэй 50 орчим улс орны дэмжлэг бүхий мэдэгдлийг уншиж “Орос Украины хил хязгаарыг зөрчиж байгаа хэрнээ олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ хэмээн хуурамч дүр үзүүлж байна” хэмээн буруутгажээ. 

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров АНУ-ыг өөрсдийгөө давуу эрхтэй гэж үздэг, мөн НАТО-г өргөжүүлж байна гэж шүүмжилж, Орос Украин руу довтолсон явдлыг аюулгүй байдлын арга хэмжээ хэмээн зөвтгөсөн аж. Түүнчлэн тэрбээр АНУ-ыг Орос, Хятадын харилцаанд хязгаарлалт тогтоож, дэлхийн хэв журмыг зөрчихийг оролдсон гэж буруутгажээ. 

С.В.Лавров Оросыг төлөөлж энх тайван тогтоохыг Украинд уриалсан ч Киев татгалзаж, олон улсын байгууллагуудаас реформ хийхийг хүсээд буй. Үүний хариуд АНУ-ын Элчин сайд Орос улс олон улсын хамтын ажиллагааг алдагдуулж, НҮБ-ын зарчмуудыг зөрчиж байна гэж мэдэгджээ. Тэрбээр зөвхөн хүчирхэг улс орон гэлтгүй дэлхий дахинд ашиг тустай шударга хууль дүрмийг тогтоох хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн аж.   

mobile-logo