- Хиймэл оюун хөгжлийнхөө эхний шатанд байгаа ч бизнесийн салбарт өгөөжөө үзүүлж эхлээд байна.
- Харин криптовалютын хувьд энэ жил “Bitcoin”-ийн ETF”-үүд нээгдэж, криптовалютын салбар Трампын сонгуулийн ялалтаар дэмжлэг авсан нь хувьцааны өсөлтөд гол түлхэц болов.
2024 онд хиймэл оюун болон криптовалютын салбарын компаниуд онцгой амжилт үзүүлж, технологийн зах зээлд голлох байр суурийг эзэллээ. Хэдийгээр хиймэл оюун хөгжлийнхөө эхний шатанд байгаа ч бизнесийн салбарт өгөөжөө үзүүлж эхлээд байна. Харин криптовалютын хувьд энэ жил “Bitcoin”-ийн ETF”-үүд нээгдэж, криптовалютын салбар Трампын сонгуулийн ялалтаар дэмжлэг авсан нь хувьцааны өсөлтөд гол түлхэц болов.
Ийнхүү энэ онд технологийн салбарт хамгийн амжилттай ажилласан таван компанийг онцолж байна.
1. AppLovin
“AppLovin” компани 2024 онд хувьцааныхаа үнэлгээг 758 хувиар өсгөж, нийт үнэлгээгээ 110 тэрбум ам.долларт хүргэв. Анх гар утасны тоглоомуудаараа алдарт гарсан тус компани өнөөдөр хиймэл оюунд суурилсан зар сурталчилгааны технологиороо зах зээлд тэргүүлж байна. Тус компанийн “AXON 2.0” платформын орлого гуравдугаар улиралд 66 хувиар өссөн нь үүний тод жишээ юм. Гүйцэтгэх захирал Адам Форуги ирэх жил илүү томоохон төслүүд дээр ажиллахаа мэдэгдээд буй.
2. MicroStrategy
“MicroStrategy” компанийн хувьцааны ханш энэ онд 467 хувиар өсөж, криптовалют худалдан авах онцгой стратегиараа анхаарал татлаа. Одоогийн байдлаар тус компани 444,000 гаруй биткойн эзэмшиж байгаа бөгөөд нийт үнэлгээ нь 44 тэрбум ам.долларт хүрсэн байна. Трампын сонгуулийн ялалт криптовалютын зах зээлд эерэг нөлөө үзүүлж, компанийн хувьцааны өсөлтөд түлхэц өгчээ. Үүсгэн байгуулагч Майкл Сэйлор криптовалютын ирээдүйд итгэлтэй байгаагаа онцолсон юм.
3. Palantir
“Palantir” компанийн хувьцааны ханш энэ онд 380 хувиар өсчээ. АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хиймэл оюунд суурилсан өгөгдлийн анализын хэрэгцээ эрс нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. Гүйцэтгэх захирал Алекс Карп тус компанийн хиймэл оюун ашиглан бүтээж буй технологийн эрэлт өсөх хандлагатай хэвээр байгааг дурдсан юм.
4. Robinhood
“Robinhood” компани 2024 онд зах зээлийн үнэлгээгээ гурав дахин нэмэгдүүлсэн ч санхүүгийн тайлангийн улмаас хувьцааны ханш нь аравдугаар сард бага зэрэг уналттай байв. Гэсэн хэдий ч крипто арилжааны орлого гуравдугаар улиралд 165 хувиар өсөж, тус компани зах зээлд дахин хүчтэй байр суурь эзэлж эхэллээ. Гүйцэтгэх захирал Влад Тенев криптовалютыг санхүүгийн системийг өөрчлөх нөлөө бүхий технологи гэдгийг онцолжээ.
5. Nvidia
“Nvidia” компанийн хувьцааны ханш энэ онд 183 хувиар өсөж, компанийн үнэлгээ 2.2 их наяд ам.долларч хүрч, нэмэгдсэн байна. Хиймэл оюунд суурилсан чип үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч тус компани шинэ “Blackwell” чипээрээ дэлхий даяар үүссэн асар их эрэлтийг хангаж буй. Хэдийгээр ирэх онд өсөлтийн хурд саарах магадлалтай ч тус компани хиймэл оюуны салбарт давамгай байр сууриа хадгалсаар байх аж.
Хиймэл оюун болон криптовалютын хурдацтай өсөлт эдгээр компанийн амжилтад үлэмж хэмжээний нөлөө үзүүлж, технологийн салбарт шинэ боломжуудыг нээж байна. Тэгвэл ирээдүйд эдгээр технологийг эдийн засаг, бизнесийн салбарт илүү өргөн цар хүрээнд нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.