- АНУ болон ОХУ Украин дахь дайны асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй нь талууд ямар нэг байдлаар гал зогсоох тохиролцоонд хүрэх найдлага төрүүлж эхэллээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Орос, Украиныг хариуцсан тусгай элч Кит Келлог шинэ засаг захиргаа эхний 100 хоногтоо дайныг дуусгана гэж мэдэгдэв.
- Гэхдээ гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бай, урт хугацаанд тогтвортой энх тайван байдлыг тогтооход туйлын бэрхшээлтэй хэвээр байгаа нь Украины аюулгүй байдлын баталгааг хангах том сорилт болох юм.
АНУ болон ОХУ Украин дахь дайны асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй нь талууд ямар нэг байдлаар гал зогсоох тохиролцоонд хүрэх найдлага төрүүлж эхэллээ. Гэхдээ Украины дайны дараах аюулгүй байдлын үндсэн асуудлууд хурцадмал хэвээр байгаа нь урт хугацаанд тогтвортой энх тайвны гэрээ байгуулах боломжийг бууруулж байна.
АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого: Дайныг дуусгана
Ерөнхийлөгч Трампын Орос, Украиныг хариуцсан тусгай элч Кит Келлог шинэ засаг захиргаа эхний 100 хоногтоо дайныг дуусгана гэж мэдэгдэв. Чөлөөнд гарсан генерал Кит Келлог бол энхийн хэлэлцээнд зуучлах Трампын гол албан тушаалтнуудын нэг юм. Тангараг өргөсөн өдрөө буюу нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүнд “Бид тохиролцоонд хүрэхийг хүсэж байна” гэж хэлсэн талаар дурдсан. Гэсэн ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины байр суурь тодорхойгүй хэвээр байгааг онцолж, “Путин тохиролцоонд хүрэхгүй байгаа нь Оросыг сүйрүүлж байна. Оросын эдийн засаг, инфляц энэ байдлаар үргэлжилбэл тэд үнэхээр хүнд байдалд орно” хэмээн анхааруулсан юм. Мөн тэрбээр өөрийн TruthSocial платформд нэгдүгээр сарын 22-нд мэдэгдэл хийхдээ, хэрэв ОХУ ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол АНУ болон түүний холбоотнууд өндөр татвар, тариф болон бусад хориг арга хэмжээ авах боломжтойг онцлов.
АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх албан тушаалтнуудын нэг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Дайныг дуусгах нь АНУ-ын албан ёсны бодлого байх болно” гэж онцолсон ч тодорхой хугацаа заагаагүй бөгөөд “2-3 жилийн дараа буцаад эхлэх дайн бус, тогтвортой шийдэл чухал” гэж тайлбарлав. Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Питер Хегсет “Трамп Украины талд аль болох ашигтай байх тохиролцоог хүсэж байна, гэхдээ энэ дайн заавал дуусах ёстой” гэж нэмж хэлэв. Эндээс харахад сөргөлдөөнийг зохицуулах хамгийн чухал байр сууринд буй АНУ-ын тал богино хугацаанд багтааж ул суурьтай зөвшилцөлд хүргэхийг зорьж буй ажээ.
Байр суурь: Трамп, Байдены Засгийн газрын ялгаатай хандлага
Тусгай элч Кит Келлогийн Киевт хийх айлчлал түр зуур хойшлоод буй. Гэхдээ Цагаан ордон болон Кремлийн хооронд хэлэлцээ хийх оролдлого ойрын долоо хоногуудад эрчимжих бололтой. Энэ нь Байдены засаг захиргааны бодлогоос эрс ялгаатай бөгөөд АНУ-ын дээд түвшний албан тушаалтнууд 2022 оноос хойш Оросын талтай бараг уулзалт хийгээгүй юм.
Шинжээчдийн байр сууринаас харахад Трампын засаг захиргааны хэлэлцээний хувьд Хятадын эсрэг стратегид илүү анхаарах, НАТО-гийн Европ дахь холбоотнуудаас батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шаардах болон Украины аюулгүй байдлыг урт хугацаанд баталгаажуулах механизмыг судлах стратеги баримтлахаар байна. Харин энэ хүрээнд эхлээд АНУ болон ОХУ-ын удирдагчид хооронд утсаар ярих магадлал өндөр бөгөөд тусгай элч Келлогийн хоёрдугаар сарын эхээр Украинд хийх айлчлалын дараа түүнийг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковтой уулзуулж хэлэлцээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Оросын байр суурь: Өөрт ашигтай тохиролцоог эрэлхийлнэ
Сүүлийн өдрүүдэд АНУ-аас гарч буй мэдэгдлүүдийг ОХУ анхааралтай ажиглаж байгаа нь илэрхий. Интерфакс агентлагийн мэдээлснээр “АНУ-аас гарах саналуудыг ажил хэрэгчээр хүлээн авч, байр сууриа тодорхой илэрхийлэх бөгөөд яриа хэлэлцээнд бэлэн байна” гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв. Ушаков нь 1998-2008 онуудад ОХУ-аас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Судлаачдын үзэж буйгаар Кремлийн хувьд Америкийн талтай хэлэлцээ хийснээр Украинд үзүүлэх Барууны орнуудын дэмжлэгийг ямар нэг байдлаар сулруулах, хэлэлцээний явцад АНУ болон бусад Европын холбоотнууд буулт хийхийг хүлээх төдийгүй Украины дотоод улс төрийн тогтворгүй байдлыг дэвэргэх, хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байх хэд хэдэн стратегийн шалтгаантай ажээ. Зарим ажиглагчид Оросын тал дайныг сунжруулах эсвэл тохиролцоог өөрт ашигтайгаар байгуулах аль нэг хувилбарыг сонгох стратеги баримтална гэж үзэж байна.
Мөн Оросын тал Украин улсыг НАТО-д элсүүлэхийг бүрмөсөн хориглох, барууны цэргийн тусламжинд хязгаарлалт тавих, хэрэв буфер буюу завсрын бүсэд энхийг сахиулах хүчийг оруулах хувилбар яригдсан тохиолдолд олон улсын энхийг сахиулах хүчийг зөвхөн Хятад, Энэтхэг, Монгол гэх мэт цөөн хэдэн орноос бүрдүүлэх зэрэг хатуу байр суурийг шаардах төлөвтэй. Түүнээс гадна хэлэлцээг удаашруулах замаар Оросын тал өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж болзошгүй юм.
Гол асуудал: Украины аюулгүй байдлын баталгаа
Талуудын яриа хэлэлцээ юутай ч ойрын өдрүүдэд эхэлнэ. Гэхдээ гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бай, урт хугацаанд тогтвортой энх тайван байдлыг тогтооход туйлын бэрхшээлтэй хэвээр байгаа нь Украины аюулгүй байдлын баталгааг хангах том сорилт болох юм.
Ерөнхийлөгч Зеленский барууны цэргийн хүчнийг, тэр дундаа НАТО-гийн цэргүүдийг Украинд байршуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг Америкийн тал Европын холбоотнуудын үүрэг гэж үзэж байгаа ч хэлэлцээрийг урагшлуулахын тулд хатуу байр суурь баримтлах магадлал тун бага байна.
Харин хэлэлцээ түргэн хугацаанд шийдэгдэхгүй бол АНУ, Орос, Украин аль аль нь цэргийн болон эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. АНУ-ын хувьд Украинд зэвсгийн тусламжаа үргэлжлүүлж, Оросын эсрэг эдийн засгийн хоригийг чангатгах магадлал өндөр, ялангуяа Оросын талын хилийн чанадад царцаагдсан $300 тэрбумын хөрөнгөөс Украинд үзүүлэх зэвсгийн тусламжийг санхүүжүүлэх хувилбар хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд царцаасан хөрөнгийн дийлэнх нь Европын орнуудад буй юм. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Украины дайн 2025 ондоо үргэлжлэх өндөр эрсдэлтэй хэвээр байна.