Дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 1 тэрбум нь өдөр тутамдаа кофе уудаг болохыг хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулжээ.
Олон хүний хэрэглээ болсон ч кофены тухай олон ташаа мэдээллүүд байдаг аж. Зөвхөн TikTok дээр л гэхэд кофе уухын ашиг тус, хор хөнөөлийн талаар зөвлөгөө өгч, хэлэлцсэн 52 сая пост байдаг байна. Харин энэхүү түгээмэл ойлголтуудын аль нь үнэн, аль нь ташаа мэдээлэл гэдгийг хоолны дэглэмч Мадди Паскуариелло, Роксана Эхсани нар тодруулга өгчээ.
Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн няцааж буй кофены тухай нийтлэг ташаа ойлголтууд
1. “Кофе таны биед муу”
“Хооллолтын шинжлэх ухаанд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ойлголт бол кофе хүний биед сайн бөгөөд ашигтай” хэмээн Паскуариелло дурдлаа.
Хэрэв таны өдрийн кофеины хэрэглээ 400 миллиграмм эсвэл дөрвөн аягаас хэтрээгүй л бол "та санаа зовох зүйлгүй бөгөөд энэ нь танд ашигтай."
Кофе нь антиоксидант буюу полифенолоор баялаг бөгөөд зүрх судасны өвчин зэрэг архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
Нэмж дурдахад, "Кофе нь таныг илүү сэргэг болгож, эрч хүч, бүтээмжийг нэмэгдүүлж, спортын амжилтыг сайжруулахад тусалдаг байгалийн өдөөгч юм" гэж Эхсани хэлэв.
Харин кофенд нэмэлт амт оруулагч болох хуурай сүү, элсэн чихэр, сироп, зөгийн бал зэрэг нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
2. “Өглөө шууд кофе ууж болохгүй”
Хоолны мэргэжилтнүүд үдээс өмнө кофе уухыг зөвлөдөг байна. Учир нь кофеины үйлчлэх хугацаа зургаан цаг байдаг бөгөөд оройн цагаар кофе уух нь нойронд нөлөөлдөг байна.
“Хүмүүс үдээс хойш илүү ядардаг учраас 14:00-16:00 цагийн хооронд кофеины хэрэглээгээ хэтрүүлэх төлөвтэй байдаг” гэж Паскуариелло онцоллоо. Энэ үед дахин нэг аяга кофе уухын оронд эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд эслэг, эрүүл өөх тос эсвэл уураг ихтэй хөнгөн зууш идэхийг тэрбээр зөвлөлөө.
Өглөө сэрээд хамгийн түрүүнд кофе уух нь таны биед сөрөг нөлөөгүй бөгөөд асуудал биш юм. Харин ходоодны хямралаас сэргийлж, эхлээд ус ууж, бага зэрэг хоол идэх нь зүйтэй хэмээн Паскуариелло хэлэв.
“Кофе уухын өмнө эсвэл хамт ус уухаа бүү мартаарай” хэмээн Эхсани санууллаа.
3. “Өдөрт хоёр аягаас их кофе уух нь муу”
Үдээс өмнө хоёроос гурван аяга кофе уух нь зарим хүнд хэтэрхий их мэт сонсогдож магадгүй ч Паскуариелло, Эхсани нар энэ нь эрүүл мэндэд тустай хэмээлээ.
“Өдөрт таны кофеины хэрэглээ 400 миллиграммаас хэтрэхгүй л бол үдээс өмнө хоёроос гурван аяга уух нь аюулгүй. Гэвч хийжүүлсэн ундаа, цай, энергийн ундаа, шоколад зэрэгт ч мөн кофеин агуулагддагийг санах хэрэгтэй юм” хэмээн Эхсани дурджээ.