- “Tesla” компани 2024 онд Хятадад 657,000 гаруй автомашин борлуулж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн дээд амжилт тогтоосон ч 2025 онд энэхүү өсөлтийг хадгалахад “BYD” тэргүүтэй дотоодын хүчтэй өрсөлдөгчдийн улмаас хүндрэл учирч болзошгүй аж.
- Энэ нөхцөлд “Tesla” өрсөлдөх чадвараа хадгалахын тулд “Model Y” болон “Model 3” загварынхаа үнийг бууруулж, зээлийн уян хатан нөхцөл санал болгож эхэлжээ.
- Харин Хятадын автомашин үйлдвэрлэгчид хосолмол хөдөлгүүртэй, дэвшилтэт функц бүхий автомашинуудыг зах зээлд нэвтрүүлж, бүрэн цахилгаан автомашинд шууд шилжихэд эргэлзэж буй худалдан авагчдыг татаад буй.

“Tesla” компани 2024 онд Хятадад 657,000 гаруй автомашин борлуулж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн дээд амжилт тогтоожээ. Зөвхөн арванхоёрдугаар сард гэхэд 83,000 автомашин борлуулж, сарын дүнгээр 12.8 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч 2025 онд энэхүү өсөлтийг хадгалахад “BYD” тэргүүтэй дотоодын хүчтэй өрсөлдөгчдийн улмаас хүндрэл учирч болзошгүй аж.
Өнгөрсөн онд “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 6 хувь болж буурсан нь дотоодын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний сонголтоо өргөжүүлж, үнээ бууруулсантай холбоотой хэмээв.
Энэ нөхцөлд “Tesla” өрсөлдөх чадвараа хадгалахын тулд “Model Y” болон “Model 3” загварынхаа үнийг бууруулж, зээлийн уян хатан нөхцөл санал болгож эхэлжээ. Гэвч “BYD” болон “Li Auto” зэрэг Хятадын дотоодын компаниуд ч мөн адил өрсөлдөхүйц хөнгөлөлт, урамшууллыг санал болгоод байгаа юм.
Мөн Хятадын автомашин үйлдвэрлэгчид хосолмол хөдөлгүүртэй, дэвшилтэт функц бүхий автомашинуудыг зах зээлд нэвтрүүлж, бүрэн цахилгаан автомашинд шууд шилжихэд эргэлзэж буй худалдан авагчдыг татаад буй. Харин “Tesla” зөвхөн бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг тул ийм төрлийн дэвшилтэт функцуудыг нэвтрүүлэхэд хугацаа шаардагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ автомат жолоодлогын системийг Хятадад нэвтрүүлэх явцад зохицуулалт талаас саатал гарсан нь сул тал болж байна.
АНУ болон Европын Холбоо Хятадын цахилгаан автомашинуудын эсрэг гаалийн өндөр татвар тогтоосноор дотоодын үйлдвэрүүдээ хамгаалахаар шийдвэрлэсэн. Энэ нь Хятадын автомашин үйлдвэрлэгчдийг дотоодын зах зээлд илүү төвлөрөхөд хүргэжээ. Харин “Tesla” Хятадын зах зээлд байр сууриа алдахгүй гэж үзэж байгаа ч үнийн дайн болон худалдааны хоригийн улмаас ихээхэн дарамтад орж байна.
Засгийн газрын татаас хүртэж буй Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлийг давамгайлаад буй. Тухайлбал, 2024 оны арванхоёрдугаар сард “BYD” 509,440 автомашин борлуулж, өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин “Tesla” 93,766 ширхэг Хятадад үйлдвэрлэсэн автомашин борлуулсан нь (экспорт орсон) өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм.