bnr-0
Дижитал хэтэвч хэрэглэгчдийн тоогоор Ази тив тэргүүлж байна
06 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • 2023 онд дэлхийн хэмжээнд хийгдсэн нийт цахим худалдан авалтын 50 хувийг, биет худалдан авалтын 30 хувийг дижитал хэтэвчээр хийж, нийт 14 их наяд ам.долларын гүйлгээ хийгдсэн хэмээн тус тайланд дурджээ.
  • Биет карт болон бэлэн мөнгөний хэрэглээ буурч, харин дижитал хэтэвчийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй хамгийн том зах зээл нь Ази, Номхон далайн орнууд юм.
  • Цахим худалдан авалт, борлуулалтын цэгийн худалдаа (POS) зэргийг багтаасан дижитал хэтэвчийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийт гүйлгээ 2023 онд ойролцоогоор 10 их наяд ам.долларт хүрч, үүний дийлэнх хувийг Хятад улс эзэлсэн байна. 
Хятад улс 2023 онд дэлхийн хэмжээнд тус үзүүлэлтээр тэргүүлсэн бөгөөд цахим худалдаан авалтын 82 хувь, биет худалдан авалтын 66 хувь нь дижитал хэтэвчээр хийгдсэн бөгөөд нийт 7.6 их наяд ам.долларын гүйлгээ хийгдээд буй аж. 

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй төлбөрийн хэрэгсэл - дижитал хэтэвч хэрэглэгчдийн тоогоор Ази тив тэргүүлж байгааг “Worldpay” компанийн тайланд дурджээ. 

2023 онд дэлхийн хэмжээнд хийгдсэн нийт цахим худалдан авалтын 50 хувийг, биет худалдан авалтын 30 хувийг дижитал хэтэвчээр хийж, нийт 14 их наяд ам.долларын гүйлгээ хийгдсэн хэмээн тус тайланд дурджээ. Харин салбарын шинжээчдийн тооцоолж байгаагаар энэхүү дүн нь 2027 он гэхэд 25 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй аж. 

Биет карт болон бэлэн мөнгөний хэрэглээ буурч, харин дижитал хэтэвчийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй хамгийн том зах зээл нь Ази, Номхон далайн орнууд юм. Өнгөрсөн жил Ази, Номхон далайн бүс нутагт онлайн төлбөрийн 70 хувь, биет дэлгүүрийн төлбөрийн 50 хувь нь дижитал хэтэвчээр хийгдсэн нь бусад бүс нутагтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт аж.

Цахим худалдан авалт, борлуулалтын цэгийн худалдаа (POS) зэргийг багтаасан дижитал хэтэвчийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийт гүйлгээ 2023 онд ойролцоогоор 10 их наяд ам.долларт хүрч, үүний дийлэнх хувийг Хятад улс эзэлсэн байна. 

Хятад улс 2023 онд дэлхийн хэмжээнд тус үзүүлэлтээр тэргүүлсэн бөгөөд цахим худалдаан авалтын 82 хувь, биет худалдан авалтын 66 хувь нь дижитал хэтэвчээр хийгдсэн бөгөөд нийт 7.6 их наяд ам.долларын гүйлгээ хийгдээд буй аж. 

Харьцуулбал, Европ дахь дижитал хэтэвчний гүйлгээ нийт цахим худалдааны гүйлгээний ердөө 30 хувийг, биет төлбөрийн 13 хувийг эзэлжээ. Харин АНУ-д дижитал хэтэвчийн хэрэглээ онлайн борлуулалтын 37 хувийг, биет зардлын 42 хувийг бүрдүүлж байгаа аж.

"Дижитал хэтэвч нь ашиглахад хялбар болон тухтайгаас гадна зөвхөн хувь хүний нүүр эсвэл хурууны хээгээр төлбөр хийх боломжтой биометрийн технологи нь мэдээллийн аюулгүй байдлыг маш сайн хангадаг" хэмээн “Worldpay”-ийн Ази, Номхон далайн бүсийн цахим худалдаа хариуцсан ерөнхий менежер Фил Помфорд CNBC-д ярилаа.   

mobile-logo