Автомашины дугаар шинээр олгоход найман шалгуур тавигдана
11 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг баталсан.
- Уг тогтоолын дагуу сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.
- Дугаар олгоход тээврийн хэрэгслийн өмчлөгч нийслэлд бүртгэлтэй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” буюу түүнээс дээш байх, сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх зэрэг найман шалгуур тавигдах юм.
Дугаар олгох дэс дарааллыг цахимаар "Car Plate" нэртэй платформ дээр хийх аж.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг баталсан. Энэхүү тогтоол арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлээд буй.
Уг тогтоолын дагуу сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно. Дугаар олгох дэс дарааллыг цахимаар "Car Plate" нэртэй платформ дээр хийх аж.
Дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлт тавигдах аж.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
- Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх
- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх
- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно
Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллыг доорх агуулгаар зохицуулна.
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
- Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх
- Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ