bnr-0
Арван аймгийн төв анх удаа дулааны шинэ станцтай болно
09 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • Арван аймгийн төв шинэ дулааны станцтай болбол 958 аж ахуйн нэгж, 606 төсөвт байгууллага, нийтийн 691 орон сууц, амины 1433 орон сууцны дулаан хангамж шийдэгдэнэ гэж тооцож байна.
  • “Солонго-1,2” хороололд 5002 айлын 66 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөж, санхүүжилтийнх нь 200.0 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгажээ.

Өнөөдөр Төрийн ордонд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл өгч байна.  Ирэх онд хийх томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь арван аймгийн төвийг дулааны шинэ станцтай болгож, энд орон сууцны шинэ хорооллууд баригдах улмаар үйлдвэрийн газрууд ажиллах суурь дэд бүтцийн асуудлыг Засгийн газраас төсвийг нь гарган шийдэж өгнө гэлээ. Төвлөрсөн дулаан хангамжийн системгүй 10 аймаг болох   Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарт  дэвшилтэт  технологийн дулааны станц, дулааны шугам сүлжээ барьснаар иргэдийг найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар жилийн турш хангах, дулаан үйлдвэрлэлээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах,бүс нутгийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьж энэ ажлыг 2025 оны онцлох 25 томоохон бүтээн байгуулалтын нэг гэж үзэж байна.

Төслийн хүрээнд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 67 км дулааны шугам, 1,400 шинэ ажлын байр бий болно. Мөн 958 аж ахуйн нэгж,  606 төсөвт байгууллага, 691 нийтийн орон сууц, 1,433 амины орон сууцны дулаан хангамж шийдэгдэнэ гэж тооцож байна. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 50.0 тэрбум  төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.

 

 Орон нутагт ийм ажил хийгдэх бол Улаанбаатар хотод “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих” төсөл олон айлын амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж төлөвлөж буй аж. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах хүрээнд 17.5 га газарт 5002 айлын 66 блок 18 мянган хүн амьдрах 270 гаруй авто зогсоолтой орон сууцны  цогцолбор хороолол барина. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 200.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан гэж мэдээллээ.   

mobile-logo