- Марк Закерберг одоо хэрэгжиж буй баримт шалгах системийг халж, хэрэглэгчид мэдээллийн үнэн зөвийг хамтдаа баталгаажуулдаг хяналтын шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
- Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн үг хэлэх эрх чөлөөг нэн тэргүүнд тавих ёстойг сануулсан чухал эргэлтийн үе болсон тул “Meta” платформуудынхаа бодлогыг зөөлрүүлж, илүү хялбаршуулан, хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийг зорьж байгаа аж.
- Түүнчлэн “Facebook”, “Instagram” платформ дахь цагаачлал, жендэр зэрэг улс төрийн холбогдолтой эмзэг сэдвийн хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдсэн байна.
Марк Закерберг “Facebook”-ийн хяналтын бодлогод томоохон өөрчлөлт оруулж, үг хэлэх эрх чөлөөг дэмжих чиглэлд ажиллахаа мэдэгдлээ. Тэрбээр одоо хэрэгжиж буй баримт шалгах системийг халж, хэрэглэгчид мэдээллийн үнэн зөвийг хамтдаа баталгаажуулдаг хяналтын шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Илон Маскийн “X” (хуучнаар Twitter) платформын “Community Notes” гэх системтэй төстэй байх аж.
Закербергийн хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн үг хэлэх эрх чөлөөг нэн тэргүүнд тавих ёстойг сануулсан чухал эргэлтийн үе болсон тул “Meta” платформуудынхаа бодлогыг зөөлрүүлж, илүү хялбаршуулан, хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийг зорьж байгаа аж. Тэрбээр баримт шалгагчдыг улс төрийн хувьд хэт нэг талыг баримтлагч гэж үзэн, тэдний оролцоо итгэлцлийг бууруулсан хэмээн шүүмжилжээ.
Мөн “Facebook”, “Instagram” платформ дахь цагаачлал, жендэр зэрэг улс төрийн холбогдолтой эмзэг сэдвийн хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдсэн байна. Закербергийн үзэж буйгаар эдгээр зохицуулалт нь одоо цагт хоцрогдмол бөгөөд олон ургальч үзэл, нийтийн хэлэлцүүлгийг боомилж байгаа тул устгах шаардлагатай болжээ.
Энэхүү өөрчлөлт нь “Meta” компанийн контент зохицуулалтад гарч буй хамгийн том шинэчлэл юм. Түүнчлэн компанийн олон улсын хамтын харилцаа хариуцсан ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намын төлөөлөгч Жоэл Каплан шинээр томилогдсон нь “Meta” компани консерватив үзэл бодол, алсын хараатай нийцэж, Трампын шинэ засаг захиргаатай харилцаагаа сайжруулахаар зорьж байгааг илтгэж байна.
Шинэ бодлого 2025 оноос албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.