bnr-0
Шалгаруулалтад тэнцвэл 15900 ам.доллароос чөлөөлнө
09 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • Харвардад суралцах боломж бүх хүний өмнө нээлттэй.
  • “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт нэг жилийн хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалт эхэлж байна.
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчийг  сургалтын төлбөр болох нэг хүний 15,900 ам.доллараас чөлөөлнө.
Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг Харвардын Анагаах ухааны их сургуульд бэлтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт нэг жилийн хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.

Энэ жилийн хөтөлбөрийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр эхлэн 1 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сургалтын хугацаанд суралцагч 2 удаагийн семинарт биечлэн, нэг удаагийн семинарт цахим хэлбэрээр оролцох болно.

Семинар 1: 2024 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Малайз Улсын Санвей Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.

Семинар 2: 2025 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Семинар 3: 2025 оны 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотноо Харвардын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.

Хөтөлбөрт хамрагдах хүмүүст тавигдах шаардлага:

-    Төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нэг болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

-    Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх;

-    Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх;

-    45 хүртэл настай байна. 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчийг  сургалтын төлбөр болох нэг хүний 15,900 ам.доллараас чөлөөлнө. Өмнө нь энэ сургалтад улсын зарим эмнэлгийн захирлууд хамрагдаж, гэрчилгээгээ өнгөрсөн хавар АНУ-д очиж авч байсан.   

mobile-logo