bnr-0
Бага насны 3 хүүхэд тутмын нэг нь холын хараа муутай байна
09 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • 2023 онд хийсэн судалгаагаар дэлхийн нийт бага насны хүүхдийн 35 гаруй хувь нь холын хараа муутай гарсан байна.
  • Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үеийнхний холын хараа муудах үзэгдэл эрс нэмэгдэж, 1990 онд 24 хувь байсан бол 2023 онд 36 хувь болж өссөн хэмээн Британийн Нүд судлалын сэтгүүлд дурджээ.
Нүдний эрүүл мэндийг дэмжих "20-20-20 дүрэм"-ийг дагаж мөрдөхийг эрдэмтэд санал болгож байна. 

2023 онд хийсэн судалгаагаар дэлхийн нийт бага насны хүүхдийн 35 гаруй хувь нь холын хараа муутай гарсан байна. Харин 2050 он гэхэд уг үзүүлэлт 40 хувь хүртэл өсөх төлөвтэй байгааг шинэ судалгаагаар тогтоожээ. 

Холын хараа муудах буюу миопи гэх харааны эмгэг нь ойрын объектууд тод, харин алслагдсан биетүүд бүдэг харагдахыг хэлдэг байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үеийнхний холын хараа муудах үзэгдэл эрс нэмэгдэж, 1990 онд 24 хувь байсан бол 2023 онд 36 хувь болж өссөн хэмээн Британийн Нүд судлалын сэтгүүлд дурджээ.

Хятадын эрдэмтэд дэлхийн 50 гаруй орны 5.4 сая гаруй хүүхэд, өсвөр насныхныг хамарсан 276 судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийсэн байна. Уг судалгаагаар миопи эмгэгийн тархалт цаг үе дамжин өссөн хэвээр байгаа ч Ковид-19 цар тахлын дараа мэдэгдэхүйц эрс өссөн байгааг илрүүлжээ. 

Зүүн Азийн бүс нутгийн хүүхдүүдийн холын хараа муудаж байгаа түвшин хамгийн өндөр буюу 35 хувь аж. Түүнчлэн дэлхийн хэмжээнд хот суурин газрын хүүхдүүд хөдөө орон нутагт суурьшиж буй хүүхдүүдээс илүү миопийн өвчнөөр өвчилдөг болох нь тогтоогдсон байна.

Цаашид хүүхэд, өсвөр үеийнхний дунд миопийн тархалт нэмэгдсээр 2040 онд 36.6 хувь, 2050 онд 39.8 хувь болно гэж судлаачид таамаглаж байна.

Гэвч уг өвчнөөс урьдчилан сэргийлж, тархалтыг удаашруулах боломжтой юм. Хүүхдүүдийн биеийн тамирын дасгал хийх цагийг нэмэгдүүлж, зурагт, видео үзэх, компьютер тоглоом тоглох гэх мэт идэвхгүй үйл ажиллагаанд зарцуулах цагийг багасгах нь нүдний эрүүл мэндэд тустай юм. 

Нүдний эрүүл мэндийг дэмжих "20-20-20 дүрэм"-ийг дагаж мөрдөхийг эрдэмтэд санал болгож байна. 

Электрон төхөөрөмж хэрэглэх болон ном унших үедээ нүднээс 20 см зайтай, 20 минут тутамд 20 секундийн завсарлага авах дүрэм юм.   

mobile-logo