- УИХ-ын 89 гишүүн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барив
- Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь тогтоох, ард түмэнд үр өгөөж нь ногдох зарчим хэрэгжих нөхцөл бүрджээ.
- Хуулийн дагуу төр нь стратегийн ордын 34 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нөхөх хоёр хувилбарын хүрээнд шийдвэр гаргах боломжтой хэмээн хууль санаачлагчид мэдэгдэв.

УИХ-ын 89 гишүүн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барив. Тус тогтоолын төсөл нь Оюутолгойн бүлэг орд болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох “Жавхлант”, “Шивээ толгой” орд газарт төрийн эзэмшлийн хувь тогтоох, төсөлтэй холбоотой хүүгийн нөхцөлд хяналт тавих зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 170 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоосон. Үүний үр дүнд, Канад Улсын хуулийн дагуу бүртгэгдсэн “Онтрэ ресурс лимитэд” компанийн охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн “Жавхлант”, “Шивээ толгой” ордууд нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах нөхцөл хуулийн хүрээнд бий болжээ.
Иймд, Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь тогтоох, ард түмэнд үр өгөөж нь ногдох зарчим хэрэгжих нөхцөл бүрджээ. Хуулийн дагуу төр нь стратегийн ордын 34 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нөхөх хоёр хувилбарын хүрээнд шийдвэр гаргах боломжтой хэмээн хууль санаачлагчид мэдэгдэв.
Түр хороог байгуулах саналыг гаргасан гишүүдийн тайлбарласнаар, стратегийн ордын асуудалд төрийн эзэмшлийг тогтоох үйл явц нь УИХ-ын оролцоотой, олон нийтийн санал хүсэлтийг тусгасан, ил тод, нээлттэй байх шаардлагатай.
Уг асуудалтай холбоотой шийдвэрүүд нь Монгол Улсын байгалийн баялгийг үр ашигтай, ард түмэнд өгөөжтэй ашиглах бодлого, хууль эрх зүйн үндэслэл болон олон улсын хөрөнгө оруулалтын орчинд чухал нөлөөтэй байх хүлээлттэй байна.