- БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх дөрөвдүгээр сарын 4-ний баасан гарагт Юн Сок Ёлийг огцруулах эсэхийг эцэслэн шийднэ.
- Юн Сок Ёль цэргийн хүч ашигласан нь хууль зөрчсөн гэж үзэн парламент түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр түдгэлзүүлсэн.
- Шүүхээс огцруулах шийдвэр гаргавал шинэ Ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор сонгох бол хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тэрбээр үүрэгт ажилдаа шууд эргэн орох юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын улс төр хүндхэн сорилттой нүүр тулж байна. Үндсэн хуулийн шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний баасан гарагт Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах эсэх талаарх шийдвэрээ зарлах гэж буй нь тус улсын ирээдүйн хувь заяаг шийдэх чухал мөч болоод байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Юн Сок Ёль онц байдал зарлаж, цэргийн болон цагдаагийн тусгай хүчийг дайчлан Үндэсний ассемблей рүү нэвтэрсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, парламент түүнийг түдгэлзүүлэх саналыг хоёр дахь удаагаа баталсан юм. Хуулийн хүрээнд гишүүдийн гуравны хоёрын саналаар баталсан уг шийдвэрийн дагуу Юн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй.
Үндсэн хуулийн шүүх энэ хэрэг дээр нэгдүгээр сараас хойш 11 удаагийн шүүх хурал хийж, Ерөнхий сайд Хан Док Су, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён зэрэг 16 гэрчээс мэдүүлэг авчээ. Юн өөрөө ч өмгөөлөгчдийн хамт шүүх дээр өөрийгөө хамгаалсан байна. Шүүхийн нийт найман шүүгчээс зургаа нь огцруулахыг дэмжвэл Юны бүрэн эрх дуусгавар болж, улмаар 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох шаардлагатай болно. Харин огцруулах үндэслэлгүй гэж үзвэл тэр даруй албан тушаалдаа эргэн орох юм.
Юн Сок Ёль тус хэрэгтэй холбоотойгоор бас нэг шүүхийн асуудалтай тулгараад буй. Түүнийг онц байдал зарласан үйлдлээр төрийн эсрэг бослого өдөөсөн хэргээр эрүүгийн хариуцлагад татсан ч прокурорын яллах дүгнэлт 10 хоногийн баривчлах хугацаа дууссаны дараа гарсан тул өнгөрсөн бямба гарагт суллагдсан байна.
Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ гаргах өдөр Сөүл хотод аюулгүй байдлыг хангах үүднээс 12 мянган цагдааг хотын төвийн дүүргүүдэд дайчлахаар төлөвлөж байгаа тухай тус улсын өдөр тутмын Чосун Илбо сонин мэдээлэв.
2017 онд мөн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ огцрох үеэр болсон эмх замбараагүй жагсаалын үеэр дөрвөн хүн амиа алдсан түүхийг сануулахад илүүдэхгүй юм. Энэ удаа ч мөн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Юн Сок Ёлийг дэмжигч болон эсэргүүцэгч хоёр тал Сөүл болон бусад хотод байнга жагсаж, нийгмийн хуваагдал улам тод мэдрэгдсээр байна.