Эдийн засгийн шинэ мэдээ мэдээлэл хөвөрч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэлэлцэх гэж буйтай зэрэгцэн хөрөнгийн зах зээл хэлбэлзэж, хөрөнгө оруулагчдын хувьд амаргүй цаг үе тулгараад байна.
Хөрөнгө оруулагчид зах зээлийн богино хугацааны хөдөлгөөнд суурилсан шийдвэр гаргахаас зайлсхийж, компаниудын санхүүгийн тайлан, урт хугацааны төлөв, тухайн зах зээлийн талаар өргөн хүрээний мэдээлэл бүхий Уолл Стритийн аналистуудын зөвлөгөөг эрэлхийлж байна. Тийм ч учраас өмнөх гүйцэтгэлд үндэслэн аналистуудыг эрэмбэлдэг TipRanks платформын жагсаалтыг тэргүүлдэг Уолл Стритийн топ шинжээчдийн санал болгож буй гурван хувьцааг танилцуулъя.
“Salesforce”
Хэрэглэгчийн харилцааны менежментийн (CRM) үүлэн технологид суурилсан программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч “Salesforce” компани бол эхний сонголт. Тус компани 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулаад тун удаагүй бөгөөд орлого, ашгийн гүйцэтгэл нь зах зээлийн хүлээлтийг эвдээд байна. Макро эдийн засгийн хувьд амаргүй байсан ч гуравдугаар улиралд “Salesforce” бүтээмжийн хувьд өсөлт үзүүлж, өртөг зардлыг бууруулах арга хэмжээ авсан нь санхүүгийн гүйцэтгэлд нь эерэг нөлөө үзүүлжээ.
Ашгийн голлох индикаторууд менежментийн багийн хүлээлтээс давж өссөний зэрэгцээ үйл ажиллагааны ашгийн маржин тэлсэн, үйл ажиллагаанаас орж ирэх орлогын урсгал бэхэжсэн, мөн хиймэл оюунаар “тоноглосон” үйлчилгээ нь амжилт үзүүлж эхэлсэн зэрэг хэд хэдэн давуу тал бийг “Mizuho Securities”-ийн шинжээч Грегг Московиц дурджээ.
Московиц “Salesforce”-ийн хувьцааны ханшийг 255 ам.доллараас 280 ам.доллар хүртэл өснө хэмээн таамаглаж байна. “Дижитал шилжилтэд тулгуурлан процессыг оновчлох, орлогыг удирдах зэрэг үйл ажиллагаа нь CRM-д давуу талуудыг бий болгож, хэрэглэгчийн маш өргөн бааз суурийг бүрдүүлж өгч байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Сонирхуулахад, “TipRanks” платформын эрэмбэд 8,600 гаруй шинжээч багтдаг бөгөөд Московиц 94 дүгээрт бичигддэг. Түүний үнэлгээ 62 хувийн амжилттай бөгөөд дунджаар 16.3 хувийн өгөөж хүртээжээ.
“Block”
Технологид суурилсан санхүүгийн “Block” компани гуравдугаар улирлын санхүүгийн гүйцэтгэлээрээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Cash App, Square платформууд нь өнгөрсөн гуравдугаар улиралд гайхамшигтай өсөлт үзүүлсэн бөгөөд “Deutsche Bank”-ийн шинжээч Брайан Кин тус компанийн хувьцааны ханшийн төлөвийг 75 ам.доллараас 90 ам.долларт хүргэж, худалдан авахыг зөвлөж байна. SQ симболтой “Block” компанийн хувьцааны ханш гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн дараа өсөлт үзүүлж эхлээд байна.
Мөн тэрбээр “Block”-ийн хүлээгдэж буй ашиг, орлого нэмэгдсэнийг тус компани зардлаа сайн удирдаж байгаатай холбоотой хэмээн дурджээ. Киний үзэж буйгаар “Cash App” зах зээлд амжилт үзүүлэх өндөр магадлалтай бөгөөд онлайн худалдаагаар дамжуулан олох орлого өсөх, үйлчилгээгээ илүү олон хүнд таниулах, шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой хэмээн үзэж буй аж. Харин “Square”-ийн экосистемийн хувьд Square Banking тэргүүтэй бусад үйлчилгээг өргөжүүлснээр эерэг өгөөж хүртэх боломжтой гэжээ.
Кин “TipRanks” платформын шинжээчдээс 868 дугаарт эрэмбэлэгддэг. Түүний таамаглалын 57 хувь нь зах зээлд амжилттай байсан бөгөөд үнэлгээ тус бүр нь дунджаар 6.5 хувийн өгөөжийг хөрөнгө оруулагчдад хүртээжээ.
“Microsoft”
Технологийн гигант “Microsoft” (MSFT) компани энэ онд үүсмэл хиймэл оюуны зах зээлийн өсөлтөөс хувь хүртэхээр “түрэмгий” хэмээн тодорхойлж болохуйц арга хэмжээ авснаар зах зээлд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
“MSFT”-ийн борлуулалт сүүлийн зургаан улирлын хамгийн дээд түвшинд хүрч өсөөд байгааг “Tigress Financial”-ийн шинжээч Айван Файнсет хөрөнгө оруулагчдад зориулсан судалгааны тэмдэглэлдээ онцолжээ. Энэхүү өсөлт нь хиймэл оюун ухааны шинэ бүтээгдэхүүнүүдийн ачаар өндөр өсөлтийг үзүүлж буй үүлэн тооцооллын бизнесийнх нь гүйцэтгэлтэй салшгүй холбоотой аж. Хиймэл оюуны хувьсгалыг “Microsoft” тэргүүлж буйг тэрбээр тодотгосон байна.
Файнсет түүнчлэн бизнесийн оптимизацад чиглэсэн “Microsoft”-ийн хиймэл оюун ухааны төслүүд, мөн Microsoft 365 программ нь компанийн санхүүгийн гүйцэтгэлийг урт хугацаанд дэмжинэ хэмээн таамаглаж буй аж. Мөн тус компани “Activision Blizzard” компанийг энэ онд худалдан авснаар тоглоомын бизнесээ бэхжүүлнэ хэмээн мөн үзэж байна.
"MSFT-ийн санхүүгийн сайн гүйцэтгэлүүд, бэлэн мөнгөний урсгал нь компанийн хэрэгжүүлж буй төслүүд, мөн бизнес тэлэх худалдан авалтуудыг санхүүжүүлж буйн зэрэгцээ ногдол ашгийг тасралтгүй нэмэгдүүлж, хувьцааг эргүүлэн худалдаж авах процессыг дэмжсэнээр хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлэх болно" хэмээн Файнсет өгүүлээ.
Файнсет “MSFT”-ийн хувьцааны зорилтот үнийг 433 ам.доллараас 475 ам.доллар болгож өсгөөд байна. Тэрбээр “TipRanks”-т бүртгэлтэй 8600 гаруй шинжээчийн жагсаалтад өдгөө 311 дүгээрт бичигдэж байна. Түүний үнэлгээний 60 хувь нь ашигтай байсан бөгөөд тус бүр нь дунджаар 9.8 хувийн өгөөж хүртээжээ.