bnr-0
Доналд Трампын мэдэгдлийн дараа Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унав
03 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Америкийн хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжааны хаалтын үед АНУ-ын голлох индексүүд уналаа.
  • S&P 500 индекс 2.7 хувиар унасан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт юм.
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн дараа өсөлт үзүүлээд байсан Тесла компанийн хувьцааны үнэлгээ 15 хувиар буурсан байна.
S&P 500 индекс 2.7 хувиар унасан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт юм

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй байгаа тухай мэдэгдсэний дараа даваа гарагийн арилжааны хаалтын үед АНУ-ын голлох индексүүд уналаа.

Тухайлбал, S&P 500 индекс 2.7 хувиар унасан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн технологийн салбарын “Nasdaq” индекс дөрвөн хувиар буурсан нь 2022 оны есдүгээр сараас хойших хамгийн тааруу үзүүлэлт болов.

S&P 500 индексийн сагсанд багтдаг чип үйлдвэрлэгч Microchip Technology компанийн хувьцааны ханш 11 хувь, мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэгч Palantir компанийн хувьцааны ханш 10 хувиар тус тус унажээ. Харин  цахилгаан авто машин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэлгээ 15 хувиар буурсан байна. Энэ нь 2020 оноос хойших хамгийн их уналт болоод байна. 

Америкийн хөрөнгийн биржийн индексүүд Канад, Мексик, Хятадын бараанд ногдуулах татвартай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлын улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурч байгаа юм.

Доналд Трамп Fox News телевизэд ням гарагт ярилцлага өгөх үеэр нь татвар ногдуулсны улмаас АНУ-ын эдийн засгийн уналтад орж болзошгүй талаар асуухад “эдийн засаг "шилжилтийн үе"-ийг туулж байна. Миний хийх ёстой зүйл бол хүчирхэг улс орныг бүтээх юм, хөрөнгийн зах зээлийг хараад суугаад байж болохгүй” гэж хэлжээ. 

Харин АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник ням гарагт NBC News сувагт өгсөн ярилцлагадаа "эдийн засгийн хямрал болохгүй" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд импортын зарим барааны үнэ өсөж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.  

mobile-logo