- Кристин МакКаллок уг номыг 1997 онд Стратфорд-апон-Авон дахь дэлгүүрээс 12 ам.доллароор хүү Адамдаа зориулж худалдаж авч байжээ.
- Тус зохиолын хатуу хавтастай анхны хэвлэл ердөө 500 ширхэг байдаг аж.
- Адам МакКаллок 2020 оны хөл хорионы үеэр хамгийн үнэтэй анхны хэвлэлүүдийн талаар мэдээ уншиж байхдаа уг номын үнэлгээг мэдэж авсан байжээ.

“Харри Поттер ба Гүн ухааны чулуу” номын анхны ховор хэвлэл дуудлага худалдаагаар 44 мянган ам.долларын үнээр зарагдаж, нэмэлт хураамжийн хамт нийт 57 мянга орчим ам.долларын үнэд хүрчээ. Кристин МакКаллок уг номыг 1997 онд Стратфорд-апон-Авон дахь дэлгүүрээс 12 ам.доллароор хүү Адамдаа зориулж худалдан авахдаа ирээдүйн үнэ цэнийг огт төсөөлөөгүй аж.
Тус зохиолын хатуу хавтастай анхны хэвлэл ердөө 500 ширхэг байдаг нь өдгөө өндөр үнээр үнэлэгддэг, цуглуулгын ном болгожээ. Кристиний хүү Адам МакКаллок 2020 оны хөл хорионы үеэр хамгийн үнэтэй анхны хэвлэлүүдийн талаар мэдээ уншиж байхдаа уг номын үнэлгээг мэдэж авсан байна.
Адам МакКаллок номоо гэрийнхээ шатны доорх шүүгээнд хадгалдаг байсан бөгөөд үүнийгээ тэрбээр Харри Поттерын амьдарч байсан нөхцөлтэй адилтгасан байна. Мөн номыг унших явцад үүссэн цайны толбо, нугалсан булан зэрэг нь номд улам чимэг нэмсэн хэмээв.