bnr-0
Хятадын нүүрсний импорт 2025 онд 100 сая тонноор буурах төлөвтэй
06 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • 2024 онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн нүүрсний импорт буурах хандлагатай байна.
  • Хятадын дотоод олборлолт өсөж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна.
  • Бээжин нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг гадаадын нийлүүлэлтээс хамаарахгүй байлгах бодлого баримталж эхэлжээ.
2025 онд Хятадын дотоодын нүүрсний олборлолт 70-80 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа нь импортыг орлох хүчин зүйлсийн нэг болоод байна.

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогч Хятад улс 2025 онд нүүрсний импортоо 50-100 сая тонноор бууруулах хандлагатай байгааг тус улсын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ли Шюэган Coaltrans China бага хурлын үеэр онцоллоо. Хэрэв 100 сая тонноор бууруулбал энэ нь жилийн дүнгээр 18.4 хувийн уналт гэсэн үг юм.

2024 онд тус улсын нүүрсний импорт 542.7 сая тоннд хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Тухайн үед олон улсын зах зээл дэх хямд үнэ нь худалдан авагчдыг дотоодын нүүрсийг орлох импортын түүхий эд рүү шилжихэд хүргэсэн байна. Харин 2025 оны эхний таван сарын байдлаар импорт 8 хувиар буурсан нь зах зээлийн чиг хандлага эргэж байгааг илтгэж байна.

Хятадын эрх баригчид нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг импортоо бууруулж, дотоодын нөөцөө нэмэгдүүлэхийг уриалж байгаа нь олон улсын нүүрсний зах зээлийн үнийн индексүүдэд том дарамт үүсгэж байна. Хятадын худалдан авагчдын голчилдог Индонез болон Австралийн нүүрсний үнэлгээ 2023 оны аравдугаар сараас хойш тогтмол буурсаар байгаа бөгөөд Индонезийн нүүрсний үнэ 25 хувиар, Австралийнх 37 хувиар тус тус унажээ.

2025 онд Хятадын дотоодын нүүрсний олборлолт 70-80 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа нь импортыг орлох хүчин зүйлсийн нэг болоод байна. 2024 онд олборлолт буурсан ч ирэх жил өсөхөөр байгаа нь бодит дэмжлэг болох юм.

Ли Шюэганын хэлснээр, нүүрсний олборлолт цаашид дээд хязгаарт тулж, өсөлтийн хурд саарах төлөвтэй. Тэрбээр Хятадын нүүрсний нийт хэрэглээ 2027-2028 он гэхэд оргилдоо хүрнэ гэж тооцоолж байна.

Ингэснээр олон улсын зах зээлд нүүрсний эрэлт буурах хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь нүүрсний үнэ урт хугацааны дарамттай хэвээр байхыг шинжээчид анхааруулж байна.   

mobile-logo