bnr-0
Түр хорооны даргыг сөрөг хүчнээс томилох хуулийн төсөл хэлэлцүүлэгт орлоо
06 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөл чуулганы дэмжлэг авч хэлэлцүүлэгт оржээ.
  • Түр хорооны даргыг сөрөг хүчнээс сонгох зохицуулалт тусгагдав.
  • Байнгын хороо дэмжээгүй ч чуулганы олонх анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй 26 гишүүн энэ оны гуравдугаар сарын 17-нд өргөн барьсан. Уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэж, олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

Төслийн гол агуулга нь УИХ-аас байгуулдаг түр хорооны даргыг цөөнхийн төлөөллөөс буюу сөрөг хүчний гишүүдээс сонгохоор хуульчлах зохицуулалт юм. Ийнхүү өөрчлөлт оруулснаар парламентын хяналт шалгалтын хэрэгсэл болох түр хорооны хараат бус байдал, үр нөлөөг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Байнгын хороо уг асуудлыг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй байна.

Гэсэн ч чуулганы хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа өөрсдийн байр суурийг илэрхийлж, эцэст нь санал хураалт явуулав. Гишүүн С.Зулпхар хуульд заасан парламентын хяналт хэрэгжүүлэх механизм хангалттай байгаа ч шинэчлэлийн хүрээнд уян хатан, ил тод зохицуулалт хийх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Санал хураалтын дүнд Байнгын хорооноос гаргасан, төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал дэмжигдээгүй бөгөөд харин хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы олонх дэмжсэн байна. Ингэснээр энэхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлжээ.

Ийнхүү парламент дахь хяналтын тогтолцоог илүү тэнцвэртэй, сөрөг хүчний оролцоог хангах чиглэлд томоохон алхам болох өөрчлөлт УИХ-ын хэлэлцүүлэгт албан ёсоор орж, цаашдын хууль зүйн нарийвчилсан хэлэлцүүлэгт шилжив.  

mobile-logo