- Нью-Йоркийн Таваарын биржийн лхагва гарагийн арилжаагаар зэсийн ханш 4.6 хувиар унаж, тонн нь 9389 ам.доллар болжээ.
- Зарим шинжээч АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн гүнзгийрэхвий гэдэг болгоомжлолоо илэрхийлж байна.
Нью-Йоркийн Таваарын биржийн лхагва гарагийн арилжаагаар зэсийн ханш 4.6 хувиар огцом унаж, тонн нь 9389 ам.доллар болжээ. Зэсийн энэ удаагийн ханшийн бууралт нь энэ оны тавдугаар сараас хойших хамгийн огцом уналт гэдгийг тодотгож байна. Үүнийг шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялж, Цагаан ордонд эргэн ирсэнтэй холбон тайлбарлаж, ам.доллар түүхий эдийн ханшид дарамт үзүүлснээр зэсийн ханш ийнхүү огцом уналаа гэж бичиж байна.
Мөн Америк болон Хятадын худалдааны дайн гүнзгийрэх вий гээд үүнд нь Европын холбоо чирэгдэхвий гэсэн болгоомжлолоо ч тэд нуусангүй.
Мөн лхагва гарагт ам.долларын эсрэг юанийн ханш суларсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор дэлхийн түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг савлаж эхлэх нь аль ч талдаа сайн мэдээ биш. АНУ импортын барааны татвараа нэмэгдүүлэх замаар ялангуяа энэ бодлогоо Хятад руу чиглүүлбэл эдийн засгийн хүндрэл, гадаад худалдааны зөрчлийн шинэ давалгааг үүсгэж болзошгүй хэмээн Saxо Bank-ны түүхий эдийн стратеги хариуцсан захирал Оле Хансен өгүүлжээ.
АНУ-ын хөрөнгө оруулалтын үйлчилгээний үндэстэн дамнасан компани UBS хэдхэн хоногийн өмнө 2025 онд зэсийн ханш 10,500 ам.долларын түвшинд хэлбэлзэнэ хэмээн үзэж байгаагаа тэмдэглэсэн билээ.