- 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуулиудын ихэнх нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, мөн ажлын байраар иргэдээ "халамжлахад" чиглэжээ.
- Ахмад настангуудын тэтгэвэр 6 хувиар нэмэгдэж мөн тухайн хүн өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах, тэтгэврийг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй авч хэрэглэвэл шийтгүүлэх хуулиуд үйлчилж эхэлнэ.
Шинэ он солигдоход 5 хоног үлдээд байна. 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хуулийн зарим заалтыг товч танилцуулья.
1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 2011 оноос хойш найман удаа нэмэгдэж 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна. Тэгвэл ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.
2. Ахмад настангуудын тэтгэврийг инфляцтай уялдуулан өсгөх хуулийн заалт үйлчилж, 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тэтгэвэр 6 хувиар өснө. Та сард нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол энэ мөнгө сая 60 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
3. “Эхийн алдар” одонгийн мөнгөн тэтгэмж хоёр дахин нэмэгдэнэ.
Засгийн газрын хуралдаанаар “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг авдаг байсан бол 400 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон өсгөжээ. Үүнийг хүн амаа өсгөх төрийн бодлогын нэг хэсэг гэж тайлбарлаж болно.
4. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувиар өсгөлөө.
“Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Уг журамд, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
5. Малчинд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хууль үйлчилж эхэлнэ.
Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх энэ хууль нь арилжааны банк малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх заалтыг тусгаж өгчээ. Ингэснээр манай малчид,
Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих
Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах
Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах
Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
6. Ахмадуудыг хөөж тэтгэвэрт гаргалгүй, саналыг нь харгалзана.
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр 2025 оны нэгдүгээр сараас эхлэн ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжихээр болжээ. 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт орон тооныхоо 2 хувьд нь ахмад настныг ажилд авах хуулийн заалт үйлчилж эхэлнэ.
7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө. Хуулийн заалт 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр ажээ.