- "Novo Nordisk" компани дэлхийн хоёр дахь том эмийн зах зээл Хятадад бүтээгдэхүүнээ худалдаалах зөвшөөрлөө зургадугаар сард авч байжээ.
- Хятадад хэт таргалалттай 180 сая гаруй хүн байдаг бөгөөд “Wegovy”-ийн дөрвөн тун тарилгын үнэ 1,400 юань (194 ам.доллар) байх аж.
- Судалгаагаар хэрэглэгчид биеийн жингийнхээ 10 хувиас илүүг хасах боломжтой ч эмчилгээ зогссоны дараа жингээ эргүүлэн нэмэх эрсдэлтэй хэмээв.
“Novo Nordisk” эм зүйн компани жин бууруулах үйлчилгээтэй “Wegovy” тарилгаа Хятад улсын зах зээлд нэвтрүүллээ. Тус компани дэлхийн хоёр дахь том эмийн зах зээл Хятадад бүтээгдэхүүнээ худалдаалах зөвшөөрлөө зургадугаар сард авч байжээ. Тэгвэл зөвшөөрлөө авсан хэдий ч бүтээгдэхүүнээ тус улсад хараахан худалдаж эхлээгүй байсан “Eli Lilly” компанийн хувьд өрсөлдөөн ширүүсээд буй.
Хятадад хэт таргалалттай 180 сая гаруй хүн байдаг бөгөөд “Wegovy”-ийн дөрвөн тун тарилгын үнэ 1,400 юань (194 ам.доллар) байх аж. Хятадад гарах үнэ нь АНУ-ын сарын хэрэглээнээс (1,349 ам.доллар) хамаагүй хямд хэдий ч эрүүл мэндийн даатгалаар авах боломжгүй байна.
Эмийн найрлагад агуулагдах семаглутид нь хоолны дуршил бууруулж, цусан дахь сахрыг зохицуулж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг аж. Судалгаагаар хэрэглэгчид биеийн жингийнхээ 10 хувиас илүүг хасах боломжтой ч эмчилгээ зогссоны дараа жингээ эргүүлэн нэмэх эрсдэлтэй гэжээ. Мөн дотор муухайрах зэрэг эмийн гаж нөлөө илэрч болзошгүй хэмээв.
2021 онд АНУ-д худалдаанд гарсан тус эм нь олон нийтийн сүлжээ, тэр дундаа Илон Маск тэргүүтэй алдартнуудын хэрэглээнээс үүдэн эрэлттэй бүтээгдэхүүн болсон.
“Wegovy” тарилга нь “Novo Nordisk”-ийг 440 тэрбум ам.долларын үнэлгээтэй Европын хамгийн өндөр үнэлгээтэй компани болгожээ.