bnr-0
Цианидгүй алт: Австралийн эрдэмтэд хаягдлаас алт ялгах шинэ технологи нэвтрүүлэв
20 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Алт уусгагч шинэ бодис нь ус цэвэршүүлэхэд хэрэглэгддэг нэгдэлд үндэслэжээ.
  • Полимер шингээгчийг гэрлээр идэвхжүүлэн дахин ашиглах боломж бүрджээ.
  • Электрон хаягдал, хүдрээс өндөр гарцтайгаар алт ялгах туршилт амжилттай боллоо.
Флиндерсийн судлаачид энэхүү технологийг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг цианид, мөнгөн ус зэрэг уламжлалт бодисыг орлох шийдэл гэж үзэж байна.

Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтдийн баг байгальд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай алт ялгах технологи боловсруулсан нь олон улсын шинжлэх ухааны хүрээллийн анхаарал татлаа. Судалгааны үр дүнг “Nature Sustainability” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд уг шинэ арга нь электрон хаягдал болон хүдрээс өндөр цэвэршилттэй алт гарган авах боломжтойг харуулжээ.

Төслийг тус сургуулийн химийн профессор Жастин Чалкер ахалж, инженерчлэл, физик, ногоон химийн салбарын мэргэжилтнүүд хамтран ажилласан байна. Судлаачдын гол нээлт нь “три-хлоризоцианурик” гэх нэртэй, анх ус цэвэршүүлэхэд хэрэглэгддэг байсан химийн нэгдлийг алт уусгагч болгон ашигласан явдал байв. Энэхүү бодис нь давсны уусмалд идэвхжиж, алт уусгах чадвартай болж хувирдаг байна.

Алтыг уусмал хэлбэрт оруулсны дараа Чалкерын багийн боловсруулсан хүхэр агуулсан шинэ төрлийн полимер шингээгчийг ашиглаж, уусмал дахь алтыг онцгой сонгомлоор шингээнэ. Шингээгч нь гэрлийн нөлөөгөөр урвалд орж, алт ялгасны дараа молекул түвшинд задарч, дахин ашиглах боломжтойгоороо энэ технологийн давуу тал бүрдэж байгаа юм.

Шинэ аргыг зөвхөн лабораторийн түвшинд бус, төрөл бүрийн бодит эх үүсвэрт туршсан байна. Үүнд электрон хаягдал, олон төрлийн металл агуулсан хаягдал, хүдрийн баяжмал зэрэг оржээ. Мөн АНУ, Перугийн судлаачидтай хамтран жижиг уурхайн хүдрээс алт ялгах туршилт хийж, одоо ч мөнгөн ус өргөн хэрэглэгддэг олборлолтын орчинд энэ технологийг орлуулах боломжтойг харуулсан байна.

Флиндерсийн судлаачид энэхүү технологийг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг цианид, мөнгөн ус зэрэг уламжлалт бодисыг орлох шийдэл гэж үзэж байна. Дэлхий дахинд олборлолтын болон дахин боловсруулах үйлдвэрлэл тогтвортой, хариуцлагатай технологид шилжих шаардлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед тус судалгаа бодит хувь нэмэр оруулж болзошгүй.

Судалгааны баг компьютерийн процессор, санах ой зэрэг өндөр технологийн хаягдалд агуулагддаг алт, зэс зэрэг ховор металлын агууламжийг нарийвчлан судалж, энэ аргаар үр ашигтайгаар ялгаж авах боломжтойг баталжээ. Тэд ирээдүйд нөөцийн хомсдол нэмэгдэх тул хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтвортой шийдлүүд нэн чухал болохыг онцолж байна.   

mobile-logo