bnr-0
Сэтгэлзүйн хүчирхэг байдал: Шүүмжлэлийг ухаалгаар хүлээн авах аргууд
12 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
Сэтгэл санаа тавгүйтэх нь бие махбодь өвдөхтэй төстэй нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон ч энэ мэдрэмжийг хянах боломж таны гарт бий.

Бидний амьдарч буй өнөөгийн амаргүй нийгэмд сэтгэлзүйн хүчирхэг байдал бол зүгээр нэг давуу тал бус, амьдралын тулгуур чанар болжээ. Тэр дундаа шүүмжлэлийг хүлээж авах чадвар нь таны энэ чанарыг хөгжүүлэх чухал түлхүүр гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байх.

Өдөр тутмын амьдралд бидэнд тохиолддог бусдын санамсаргүй хэлсэн үгс, жижиг үйлдлүүд нь сэтгэл санааг хамгийн ихээр гундаадаг. Ялангуяа сөрөг шүүмжлэл өөртөө итгэх итгэлийг мохоож, урагшлах хүчийг сааруулдаг аж. Судалгаагаар сөрөг үйл явдлууд нь хүний ой санамжид хадгалагдах магадлал нь эерэг үйл явдлаас дөрөв дахин илүү болохыг тогтоосон байдаг.

Гэсэн хэдий ч шүүмжлэл таныг сул дорой болгохгүй, харин түүнийг хүлээж авч чадахгүй байх нь сул дорой байдалд хүргэдэг аж. Сэтгэлзүйн хувьд илүү хүчирхэг болохын тулд шүүмжлэлийг ухаалгаар удирдаж сурах шаардлагатай. Ингээд шүүмжлэлийг зөв хүлээн авч сурахад тань туслах дөрвөн чухал зөвлөмжийг хуваалцъя.

Хэний шүүмжлэлийг хүлээн авах вэ гэдгээ тодорхойлох

Ажлын дарга, хамтрагч, эсвэл дотнын найз зэрэг амьдралд ойр байдаг хүмүүсийн шүүмжлэл ихэвчлэн бидэнд үнэ цэнтэй байдаг. Харин таны мэргэжлийн талаар ямар ч мэдлэггүй, эсвэл амьдралаас тань хол хөндий хүмүүсийн шүүмжлэлийг хэт ноцтойгоор хүлээж авах хэрэггүй. Хэн дуртай нь шүүмжлэх эрхтэй мэт санагдах үе байдаг ч таны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах шүүмжийг л сонгон авч, үлдсэнийг нь зөнд нь орхиорой.

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах

Сөрөг шүүмж сонсоход мэдрэгдэх анхны таагүй хариу үйлдлээ даруй хянаж, гүнзгий амьсгаа авч, тайван байдлаа хадгалах нь чухал. Шүүмжлэлд хариу үзүүлэхээсээ өмнө шүүмжлэлийн цаад учир шалтгааныг асууж, илүү гүнзгий ойлгохыг хичээгээрэй. Сэтгэл санаа тавгүйтэх нь бие махбодь өвдөхтэй төстэй нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон ч энэ мэдрэмжийг хянах боломж таны гарт бий. Сэтгэлзүйгээрээ хүчтэй хүмүүс хариу үйлдлээ ухаалгаар удирдаж, илүү зөв шийдвэр гаргадаг аж. 

Шүүмжлэлийг боломж гэж харах

Шүүмжлэлийг өөрийг тань доош татах хэрэгсэл биш, харин таныг сайжруулах боломж гэж хүлээн аваарай. Мэдээж зарим шүүмжлэл шударга бус санагдаж болох ч шүүмжлүүлэх хэмжээний хичээнгүй хөдөлмөрлөсөн, хийж бүтээсэн хүн гэдгээ санаарай. Бүх хүн таны үйлдлийг үнэлэх шаардлагагүй. Харин таныг сайжруулахыг хүсэж буй хүн байвал энэ боломжийг хамтдаа ашиглаж, илүү хүчирхэг нэгэн болж чадна.

Авах гээхийн ухаанаар хандах

Шүүмжлэл бүр ач холбогдолтой байх албагүй. Тиймээс шүүмжлэлд шүүлтүүртэй хандаж, зөвхөн танд хэрэгтэй санаа, зөвлөгөөг нь авч үлдэх хэрэгтэй. Таны зорилго бол өөрийгөө тасралтгүй сайжруулах гэдгийг санаж, хэрэггүй шүүмжийг зүгээр л орхиж сураарай.

Сэтгэлзүйн хүчирхэг байдал нь зөвхөн шүүмжлэлийг хэрхэн хүлээн авснаар тодорхойлогдохгүй ч энэ чадвар нь таныг илүү ухаалаг, хүчтэй нэгэн болгоход тодорхой хэмжээгээр тусална. Шүүмжлэлээс суралцаж, шинэ зүйлсийг мэдэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлснээр илүү амжилттай, сэтгэлийн тэнхээтэй хүн болох боломж танд бий.   

 

mobile-logo